Задгай театр усан цогцолбортой болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-07-21 15:05:45

Их газрын чулууны байгалын цогцолборт газрын Задгай театрт усан цогцолбор бий болно. Энэ нь гүний худгаас эх үүсвэр авч, задгай театрын ханан хаднаас хүрхрээ болж урсан цөөрөм үүсгэж, цөөрмөөс усан оргилуур үүсгэх байдлаар театрын орчныг чимэх юм байна. Усан цогцолбортой хамтатган гүний худаг гаргаж, театр руу хүрэх явган хүний зам, 150 машины багтаамжтай авто зогсоолыг тус тус барьж эхлүүлжээ.

Задгай театр нь байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд оршдог бөгөөд жуулчдын очиж сонирхдог газруудын нэг юм. 2007 онд “Уяхан замбуутивийн наран” уртын дуунд зориулсан хөшөө дурсгалын хамтаар байгалийн задгай театрыг анх нээж байсан бөгөөд олон улсын уртын дуу дуулаачдын наадам, “Их газрын чуулган” яруу найргийн наадам зэрэг томоохон үйл ажиллагаа энэ театрын тайзнаа болж байсан юм.

Усан цогцолборыг “Саадагийн овоо”, явган хүний зам, автомашины зогсоолыг “Баянгийн говь”, гүний худгийг “Элбэг санчир” ХХК тус тус гүйцэтгэж байгаа бөгөөд бүтээн байгуулалтыг ирэх сарын дундуур ашиглалтад хүлээлгэн өгөх юм байна.

Үүнд Гурвансайхан сумын орон нутгийн хөгжлийн сангаас 174 сая төгрөг зарцуулж байгаа ажээ.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ