Африкт 13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ankhbayar.abr@yahoo.com
2022-02-09 11:22:51

ПАРИС. /AFP/. Африк тивд сүүлийн хэдэн арван жил тохиогоогүй ган гачиг болсны улмаас Кени, Сомали, Этиоп зэрэг орны 13 сая иргэн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байна гэж Дэлхийн хүнсний хөтөлбөр байгууллагаас мэдээллээ.


Африк тивд 1981 оноос хойших цаг уурын хамгийн хуурай үе тохиож, ган гачиг болсон нь ургацыг сүйтгэж, олон тооны мал устахад хүргээд байна. Улмаар бэлчээрийн мал аж ахуй болон газар тариалан эрхэлдэг айлуудад хүнд цохилт болжээ.


Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Зүүн Африкийн бүс нутгийг хариуцсан захирал Данфорд, “ус болон бэлчээрийн хомсдол, ойрын саруудад хур тунадас багатай байна гэх зэргээс шалтгаалан бүр нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй. Тиймээс яаралтай арга хэмжээ авах шаардлагатай” гэж мэдэгдсэн байна.


Одоогийн байдлаар дээр дурдсан хүнс, тэжээлийн хомсдол ихтэй бүс нутгуудад хүнсний тусламж үзүүлж байгаа боловч энэ оны эхний улиралд 13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг албаныхан мэдээлжээ.


Этиопийн өмнөд нутагт гэхэд 5.7 сая хүн хүнсний тусламж авах шаардлагатай байгаагаас 500 мянга нь хүүхэд, эхчүүд байна. Ойрын зургаан сарын хугацаанд тэдний яаралтай хэрэгцээг хангахад 327 сая ам.доллар шаардлагатай байгаа талаар тус байгуулага мэдээлжээ. 

Холбоотой мэдээ