Оросын уран гулгагчийн сэргээшийн шинжилгээний талаар WADA тайлбар өгөхөөс татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2022-02-10 09:56:53

МОСКВА. /TASS/. Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг (WADA) ОХУ-ын урган гулгагч Камила Валиевагийн сэргээшийн шинжилгээтэй холбоотой нөхцөл байдлын талаар тайлбар хийхгүй гэж тус байгууллагын хэвлэлийн алба ТАСС агентлагт мэдээлжээ.


Олимпын наадмын уран гулгалтын тэмцээний багийн төрөлд ОХУ-ын шигшээ баг тэргүүн байрыг эзэлж, хоёр, гуравдугаар байранд АНУ, Японы баг орсон билээ. Шагнал гардуулах ёслол мягмар гарагт болох ёстой байсан боловч Олон улсын олимпын хороо Олон улсын тэшүүрийн холбооноос яаралтай тодруулах шаардлагатай хууль эрх зүйн нөхцөл байдлын улмаас цуцалснаа мэдэгдсэн юм.


Ийнхүү медаль гардуулах ёслол хойшлогдох болсны шалтгаан нь Оросын уран гулгагч Камила Валиевагийн сэргээшийн шинжилгээний асуудалтай холбоотой байж магадгүй гэж “Inside the Games” цахим хуудас лхагва гарагт мэдээлжээ. Тус цахим хуудсанд мэдээлснээр, Олимпын наадмын өмнө буюу 2021 оны 12 дугаар сард өгсөн шинжилгээнээс сэргээшийн төрлийн бодис илэрсэн байж магадгүй байна. “The Guardian” сонинд гарсан мэдээлэлд нэр нь үл мэдэгдэх уран гулгагчаас илэрсэн бодис нь гүйцэтгэлийг сайжруулахад шууд нөлөө үзүүлдэггүй гэжээ. 


Хууль эрх зүйн асуудал нь 15 настай уран гулгагчийн настай холбоотой болохыг “Inside the Games” цахим хуудас тодотгосон байна. Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн дүрмийн дагуу Валиева 16 нас хүрээгүй тул сэргээшийн зөрчил гаргасан тохиолдолд албан ёсоор буруутгах боломжгүй юм.



Холбоотой мэдээ