100 гаруй өрхийн үйлдвэрлэгч 81 сая төгрөгийн борлуулалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-07-21 18:45:06

“Өрх бүр үйлдвэрлэгч” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв тодотголоор хасагдсан ч өрхийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр Баянхонгорт багагүй ажил хийжээ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн хүрээнд тус аймгийн 84 өрхийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн үйлчилгээг 134.5 сая төгрөгөөр дэмжиж, 139 байнгын ажлын байр шинээр бий болгосон байна. Өрхийн үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд сурталчлах, зах зээл олоход нь туслах чиглэлээр БНХАУ-ын Эзнээ хошуутай байгуулсан хамтын ажиллагааны дагуу БНХАУ-ын “Сэхээ” боомтод зохион байгуулагддаг бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд 2 удаа оролцуулжээ. Тэнд давхардсан тоогоор 201 өрхийн 80 нэр төрлийн 35 тонн сүү, цагаан идээ, 3700 гаруй ширхэг гар урлалын бүтээгдэхүүнийг экспортолж, нийт 354.4 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Мөн Баянхонгор аймагт жилд 2 удаа зохион байгуулдаг Үзэсгэлэн худалдаанд 19 сумын 100 гаруй өрхийн үйлдвэрлэгчдийн 80 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн тавьж 81 сая төгрөгийн борлуулалтыг хийв.

Холбоотой мэдээ