Хонгор нутгийн түүх дурсгал, байгалийн үзэсгэлэнт газруудыг толилуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-07-22 00:16:14

     Манай улсын нүүдлийн соёл иргэншил, түүх дурсгал, байгалийн үзэсгэлэнт газрыг үзэхээр зорин ирдэг дотоод, гадааадын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж буйАяллын улирал болж буйтай холбогдуулан нутаг орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудыг уншигч танаа хүргэж байна. Ингээд Хонгор нутгаар маань “аялана уу”.

     Эхний удаад Цагаан агуйг хүргэх бөгөөд цувралаар цаашид танилцуулах болно.

Цагаан агуй

     Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт Их богдын нурууны Цагаан ууланд, сумын төвөөс зүн хойд зүгт 40 километр зайд Цагаан агуй оршино. 

     Цагаан агуйд одоогоос 750 мянган жилийн өмнө хүмүүс амьдарч байсныг гэрчлэх ул мөрүүд үлдсэн байдаг бөгөөд үүнийг 1987-2000 онд хийсэн 6 удаагийн малтлага судалгаагаар нотолсон байна. Мөн энэхүү судалгааны үр дүнд дөрөвдөгч галавын үед Монгол ба Төв Азийн нутаг нь урин дулаан уур амьсгалтай байсныг тогтоожээ. 

      Цагаан агуйн чулуун зэвсгийн олдворуудыг гурван үндсэн үед хуваан үздэг бөгөөд тус агуйн он цагийг тогтоох судалгааг ОХУ, АНУ-ын эрдэмтэд хийжээ. Агуйгаас олдсон тэдгээр   чулуун зэвсгүүдийг Францын чулуун зэвсгийн сонгодог олдворуудтай харьцуулан судалж “Олдувайн” үед хамаарахыг тогтоосон байна. Олдувайн үе гэдэг нь МЭӨ 800.000 – 700.000 жилийн үеийг хамрах ажээ. Сүүлийн жилүүдэд Цагаан агуйг үзэхийг зорьсон дотоод гадаадын жуулчид нэмэгдэж байгаа юм байна.

     Агуйн үүд нь баруун урд зүг рүү харсан байдалтай, нийтдээ 38 метр урт үргэлжилсэн, нэгнээс нөгөө рүү дамжсан гурван үндсэн тасалгаатай. Эхний тасалгаа 12 метр урт, 9 метр өргөн, 10 метр өндөр, хоёр дахь тасалгаа нь 7 х 8 х 9 метр харьцаатай, гурав дахь тасалгаа нь 5 х 4 х 4 метр хэмжээтэй. Эхний тасалгааны адарт гэрийн тоононы чинээ том онгорхой нүхтэй, гурав дахь тасалгааны баруун дээд хэсгээс 2 метр өргөн, 10 метр урт хонгил салаалж гардаг. Цагаан агуй нь шохойн чулуулгийн гаралтай бөгөөд хоёр дахь тасалгааны адарт жоншны болорын том том талст бүхий ургацуудтай. Гэрэл тусгахад маш гоёмсогоор гялтганан харагддаг байна.

     Сонирхуулахад, Хүн төрөлхтний өлгий гэгдэх Цагаан агуйг Баянлиг сумынхан сум хөгжүүлэх сангийн хоёр сая төгрөгөөр 2 жилийн өмнө тохижуулж байжээ. 1996 оны малтлагаас гарсан шороо үүдний хэсэгт зам таглан байсныг зайлуулж, зоргол болон элдэв зүйлээр агуйн хананд бичсэн байсан зүйлсийг арилгахаас тус ажил эхэлжээ. Мөн нарны зайгаар ажилладаг гэрлийг агуйн гурван хэсэгт байрлуулж, агуйд хүрэх өгсүүр шатыг хийснээс гадна агуй дотор эртний хүний дүрс бүхий баримал, агуйн гадаа сүүдрэвч зэргийг барьж байгуулсан байна.

Холбоотой мэдээ