Албан ёсны мэдээлэл: К.Валиевагийн сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2022-02-11 12:40:19

БЭЭЖИН. /RIA Novosti/. ОХУ-ын уран гулгагч Камила Валиевагийн өнгөрсөн оны 12 дугаар сард өгсөн сэргээшийн шинжилгээний сорьцноос триметазидин илэрсэн гэж Олон улсын шинжилгээний агентлагийн (ITA) хэвлэлийн мэдээнд дурджээ.


Сэргээшийн шинжилгээг РУСАДА буюу ОХУ-ын сэргээшийн эсрэг агентлаг 2021 оны 12 дугаар сард Санкт-Петербургт болсон тус улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр авсан байна. 


“Шинжилгээний хариуг Стокхолм дахь Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн (WADA) итгэмжлэгдсэн лаборатори хоёрдугаар сарын 8-нд мэдээлсэн. Үүний дараа РУСАДА тамирчныг болзолтойгоор эрхийг нь хассан” гэж ITA мэдээлжээ. К.Валиева тэмцээнээс түр хасах шийдвэрийг эсэргүүцэж, РУСАДА хоёрдугаар сарын 9-нд шийдвэрээ эргүүлэн татахаар шийдсэнээр Олимпод үргэлжлүүлэн оролцохоор болсон байна. Харин Олон улсын олимпын хороо ОХУ-ын сэргээшийн эсрэг агентлагийн шийдвэрийг эсэргүүцэж, Спортын арбитрын шүүхэд (CAS) гомдол гаргасан гэж ITA-гийн хэвлэлийн алба мэдээлжээ.


Олимпын наадмын уран гулгалтын тэмцээний багийн төрөлд ОХУ-ын шигшээ баг тэргүүн байрыг эзэлж, хоёр, гуравдугаар байранд АНУ, Японы баг орсон билээ. Медаль гардуулах ёслол мягмар гарагт болох ёстой байсан боловч Олон улсын олимпын хороо Олон улсын тэшүүрийн холбооноос яаралтай тодруулах шаардлагатай хууль эрх зүйн нөхцөл байдлын улмаас цуцалснаа мэдэгдсэн юм.


Ийнхүү медаль гардуулах ёслол хойшлогдох болсны шалтгаан нь Оросын уран гулгагч К.Валиевагийн сэргээшийн шинжилгээний асуудалтай холбоотой байж магадгүй гэж “Inside the Games” цахим хуудас лхагва гарагт мэдээлсэн. 15 настай, Оросын уран гулгагчийн сорьцноос хориотой триметазидин хэмээх эм илэрсэн гэж мэдээлж байв.



Холбоотой мэдээ