“Өвлөн уламжлагч” үзэсгэлэн зохион байгуулав

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2022-02-11 20:47:47

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн тамгын газрын санаачилгаар аймгийн Соёл, урлагийн газар, Орон нутаг судлах музей хамтран “Өвлөн уламжлагч” үзэсгэлэнг хоёрдугаар сарын 11-нд зохион байгууллаа.

Тус арга хэмжээ нь үндэсний өв, соёл, түүхэн уламжлалыг хадгалсан, өвөг дээдсээс уламжлан ирсэн соёлын биет өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, тайлбарлан таниулах зорилгоор зохион байгуулсан ба шүүгч, ажилтнууд дөрвөн баг болж, өөрт хадгалагдаж буй өв уламжилж ирсэн эд зүйлсээр үзэсгэлэн гаргаж оролцсон тухай зохион байгуулагчид танилцууллаа.

Үзэсгэлэнг Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд нээж үг хэлсэн ба нээлтийн үйл ажиллагааны дараа Говь-Алтай аймгийн музейн бүртгэл мэдээллийн санч О.Нэргүй соёлын өв, түүний ангилал, соёлын өвийн бүртгэл мэдээллийн сангийн тогтолцоо, мэдээллийн санд бүртгэлтэй дурсгалын тоо зэрэг сэдвийн хүрээнд танилцуулга хийж, сонирхсон асуултад хариулт өгсөн юм. 

Үүний дараа Говь-Алтай аймгийн Соёл, урлагийн газар, Аймгийн музейн мэргэжлийн ажилтнууд багуудын үзэсгэлэнд ирүүлсэн 100 гаруй эд зүйл, хэрэгсэл, бүтээлүүдийг үзэж, танилцуулгыг сонсон, асуулт асууж, соёлын өвийн талаар сонирхолтой түүхэн баримтуудыг харилцан ярилцаж, үзэсгэлэнд дэлгэгдсэн эд, хэрэгсэл, бүтээлүүдийг түүхэн ач холбогдол, насжилт зэрэг үзүүлэлтийг харгалзан шалгаруулалтыг явуулсан аж.  

Үндэсний уламжлалт, өвлөгдөж ирсэн, түүхэн ач холбогдолтой хамгийн олон эд зүйл, хэрэгсэл, бүтээлээр амжилттай оролцсон сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа ахлагчтай “Тусгаар тогтнол” баг “Өвлөн уламжлагч” багаар, Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа шүүхийн шилдэг “Өвлөн уламжлагч”-аар шалгарчээ.