Б.Мөнхбаяр: Хань түшигтэй, халамжтай сайхан байхад эмэгтэй хүн улам л үзэсгэлэнтэй болдог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ 2021 онд Төв аймгийн ГБХЗХГ-аас зохион байгуулсан "Шилдэг гэр бүл" шалгаруулах төслийн оролцогч Баянчандмань сумын иргэн Ж.Өлзийбат, түүний гэргий Б. Мөнхбаяр нартай ярилцлаа.
-Сум орон нутагтаа бусдыгаа манлайлан, үлгэр жишээ үзүүлж яваа нэгэн гэр бүл бол танай гэр бүл юм. Та хоёрыг 30 гаруй жил ханилж байгаа талаар сонсож байсан. Анх танилцаж байсан түүхээсээ хуваалцвал?
-Нөхөр Ж.Өлзийбат: Би Төв аймгийн Зуунмод сумын уугуул иргэн бөгөөд Баянчандмань сумын суугуул иргэн байна. Анх Төв аймгийн Зуунмод сумаас Угтаалцайдам суманд очиж амьдарч байгаад Баянчандмань суманд шилжин ирж өнөөдрийг хүртэл амьдарч байна. 6-р ангид байх үедээ эхнэртэйгээ танилцаж, үерхээд өдгөө таван хүүхдийн эцэг эх болсон.
-Гэргий Б.Мөнхбаяр: Би Төв аймгийн Баянчандмань сумын Замт багийн иргэн. Анх мөсөн коток дээр нөхөртэйгөө танилцаж байсан. Манай нөхөр тэшүүрээр гулгах их дуртай хүүхэд байсан. Их дуу цөөтэй, болзохоор дуудчихаад юу ч ярихгүй байсаар оруулчихдаг тийм л бүрэг ичимхий хүн байлаа. Миний хувьд тэр байдал нь их сонин санагдаж тухайн үед дургүй байсан ч дараа нь өөрчлөгдсөн юм байлгүй тэр бодол нь нэг л мэдэхэд бие биедээ дасан дассаар өдийг хүрсэн байна. Дөнгөж 6-р ангид байхаасаа үерхэж эхэлсэн болохоор насан багын бүхий л хөгтэй, хөгжилтэй зүйлсээ хуваалцаж өссөн. Одоо бодоход бидэнд дундаршгүй их дурсамж хуримтлагдсан байдаг. Ярилцахгүй байсан ч харцаараа ойлголцдог үе гэж байх юм. Олон жил ханилаад ирэхээр үг хүртэл хүчгүй болчих юм байна шүү дээ бие биедээ уусч нэгдээд нэг л хүн шиг болсон байна.
-Оюутан цагаа дурсвал? Мэргэжил сонголтын хувьд бие биедээ нөлөөлж байв уу?
-Ж.Ө: Миний хувьд 8-р ангиа төгсөөд ЗХУ-ын Омск хот руу цахилгаанчны мэргэжлээр суралцахаар 3 жилийн хугацаатай явсан. Тухайн үедээ бие биенийхээ зорилго, бодолд саад учруулах зүйлсийг хэн хэн нь хийгээгүй юм. 14 хоног тутамд захиа ирдэг байсан учраас холбоо тасралгүй байсаар нутагтаа ирж гэр бүл болсон доо.
-Б.М: Би Монголдоо үлдэж цэцэрлэгийн багшаар суралцсан. Харь орныг зорин одох үед нь эерэг бүхнийг бодож, итгэлтэй нь аргагүй хүлээдэг байлаа. Бидний бие биедээ итгэх итгэл тийм л үнэ цэнтэй байсан.
-Анх аав ээж болж байсан сэтгэгдлээсээ хуваалцвал?
-Ж.Ө: Миний амьдралын хамгийн аз жаргалтай үе минь байх. Эхнэрээ төрөх үед нь эмч нар намайг дотогш оруулсан юм. Зүрх чичрээд, эхнэрийгээ хачин ихээр өрөвдөж, бас түүгээрээ ихэд бахархаж билээ. Ухаан балартаад хаашаа явах, яах ёстой учраа ч олоогүй их л сонин мэдрэмж мэдрэгдсэн.
-Б.М: Анхныхаа хүүг хорин настайдаа төрүүлсэн. Гэдэс томроод л, жирвэс жирвэс хийгээд их содон мэдрэмж мэдрэгдэж билээ. Төрж байх үеийн тэр их өвдөлт, түүний дараа нялх үрээ энгэртээ тэврээд амлуулах агшин бол зөвхөн бүсгүй хүний л мэдрэх хамгийн торгон агшин байх. Хүүгээ төрсний дараа ээж нь гэж хэлж чадахгүй хэл ам эвээ олохгүй эгч нь гэх жишээтэй сандралтай байсан.
- Гурван хүүгийн дараа хоёр ихэр охинтой болсондоо ихэд сэтгэгдэл өндөр байсан гэж хэлж байсан?
-Ж.Ө: Тийм ээ. Шунал ч гэх үү хүүтэй хүмүүс чинь нууцхан охин үртэй болохыг бас хүсдэг юм билээ. Эхнэрийгээ дахин хөл хүнд болсныг сонсоод хүйсийг нь мэдэхийг ихэд хүлээж байсан. Томрохоор нь хэлж өгнө гээд догдлол дүүрэн хүлээж байсан. Гэтэл бүүр охин, түүндээ бүүр хоёр ихэр охин гэдгийг нь сонсоод ёстой л нэг магнай хагартлаа баярлаж байсан.
-Б.М: Анх өөрийгөө хөл хүнд болсон гэж мэдээгүй байж байх үедээ Хөвсгөл рүү хамт олноороо аяллаар явсан. Манай ажлын жолооч ах намайг ихэд ядраад байна хөл хүнд болсон юм биш үү гэж хэлэхэд л өөрийгөө шалгаж үзсэн. Итгэж өгөхгүй Улаанбаатар хот руу очиж эход харуулсан чинь хоёр ихэр байна гэж хэлсэн. Наад талынх нь охин байна, хоёр дахь хүүхдийн хүйс харагдах боломжгүй байна гэхэд нь ганц охин байсан ч яахав гэж бодож билээ. Тэгсэн бүүр нэг дор хоёр хөөрхөн цэцэгтэй болсон нь гэр бүлийн минь аз жаргалыг хоёр дахин нэмсэн юм.
-Хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?
-Ж.Ө: Спортоор хичээллэсэн хүүхэд буруу өсдөггүй. Хамгийн тэвчээртэй, хатуужилтай хүмүүс спортын үр шимээр бүтээгддэг. Иймд үр хүүхдүүдээ сонирхож, дурлаж байгаа спортоор хичээллэхэд нь тусалж, түүндээ тууштай байхыг зааж өгдөг.
-Б.М: Хэлэх ёстойгоо хэлдэг өөртөө итгэлтэй, ёс суртахуунтайгаар өөрийгөө илэрхийлэх чадамжтай болгохыг зорьдог. Хөдөлмөрт сургахад анхаарч, хүүхдүүдийг ажлыг гололгүй хийх тэр хүмүүжлийг олгодог. Ажилсаг үр хүүхэдтэй байвал энэ насны жаргал нь тэр юм. Маш их завгүй үед охидууд маань хоол хийгээд авч ирж өгдөг гэх мэтийн хүнийг хайрлах, халамжлах ухааныг хүртэл суралцаж байх нь зөв. Манай таван хүүхэд бүгд өөр өөрсдийн сонирхол, хоббигоор спортын төрлүүдээ сонгон хичээллэдэг. Том хоёр хүү минь сагс, гар бөмбөгт дуртай, дунд хүү маань анх гэрийн шаахайгаараа цохиур хийж бөмбөг хананд ойлгож тоглож эхлэх үед нь нөхөр бид хоёр 7 настайгаас нь ширээний теннисний цохиур, бөмбөг авч өгч энгийн ширээн дээр бэлтгэл хийлгэж байгаад дараа нь засаж сайжруулсан. Ширээний теннисний Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний хоёр удаагийн аваргаар тодорч байлаа. Одоо хоёр охин дүү нь мөн тус спортоор хичээллэж байгаа. Хүүхэд спортоор хичээллэх үед өөрт итгэх итгэл хүртэл нэмэгдэж, зоригтой болдог.
-Гэр бүлийн ойрын зорилгоосоо хуваалцвал?
-Гэрийнхээ хажууд ширээний теннисний клубийн заал барих зорилготой байгаа. Сум орон нутгаасаа ширээний теннисний тамирчид төрүүлэх хүсэлтэй байна.
- Залуу хосууд, гэр бүлүүдэд хандаж хэлэхэд?
-Ж.Ө: Эр хүн бол айл гэрийн ноён нуруу, тулах багана байдаг учраас сахилга баттай, зөв түвшин хүмүүжилтэй байж амьдрал тайван амгалан, аз жаргалаар дүүрэн жаргалтай байж чадна. Ханилсан ханиа хөл хүнд, нялх биетэй байх үед нь хамгийн их тус дэмийг хүргэж, ойлгож, сэтгэл санааг нь тайван байлгах нь чухал юм.
-Б.М: Үерхлээ нандигнан хайрлаж байгаарай гэж хэлмээр санагддаг. Үерхэх насан дээрээ гэр бүл зохиох гэж яарч шийдвэр гаргадаг нь маш том алдаа болдог. Хүүхэд бол алдаа биш, бидэнд ирсэн бурхны бэлэг шүү дээ. Амьдралаа холбохоор шийдсэн л бол маш нарийн төлөвлөх хэрэгтэй. Амьдрах зорилгогүй хүнтэй насаараа амьдрах шиг тамлал гэж юу байх вэ дээ. Хань түшигтэй, халамжтай сайхан байхад эмэгтэй хүн улам л үзэсгэлэнтэй болдог. Хүнээ зөв таньж, судалж байж гэр бүл зохиох шийдвэрт хүрээрэй гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.