Хадгаламжтай иргэд банкныхаа хувьцаа эзэмшигч болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-02-21 15:10:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар арилжааны банкууд хувьцаагаа олон нийтэд гаргана. Тодруулбал, банкны салбарын системийн нөлөө бүхий банкууд нийт хувьцааныхаа тодорхой хувийг хөрөнгийн зах зээлд гарган IPO хийх үйл ажиллагаа энэ оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

 

Банкууд үүний өмнө хувьцааныхаа 5-10 хувийг олон нийтэд санал болгох төлөвлөгөөг танилцуулсан. Ингэхэд ойролцоогоор 700-800 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татах тооцоо гарчээ. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ, эхний ээлжинд арилжааны 5 том банк эзэмшлийнхээ 5-15 хувиар хувьцаагаа гаргах гэж буйг онцолсон.

500-700 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай байгаа гэсэн эхний тооцоо нь томоохон банкуудын хувьд тийм их хөрөнгө биш гэдгийг Төвбанкны удирдлага тодотгож байна. Учир нь банкуудын нийт актив нь 40 их наяд төгрөг, өөрийн хөрөнгийн хэмжээ 4-5 их наяд төгрөг, хадгаламж эзэмшигчдээс татан төвлөрүүлдэг хөрөнгө 28 их наяд төгрөг байгаа. Үүнтэй харьцуулахад банкуудын хувьцаагаар татах 700 тэрбум төгрөгийг боломжийн хэмээн мэргэжилтнүүд мэдэгдэж байна.

Арилжааны банкууд эзэмшлийнхээ тодорхой хувийг хөрөнгийн зах зээлд гаргахад иргэдэд мөнгөө банканд хадгаламж хэлбэрээр байршуулах, эсвэл тухайн банкны хувьцааг худалдан авч хувьцаа эзэмшигч болох гэсэн хоёр сонголт гарч ирж байна. Тодруулж хэлбэл, иргэд банканд мөнгөө сул хадгалуулж хүү авахаас гадна банкны хувьцаа худалдан авснаар хувьцаа эзэмшигч болж ногдол ашиг хүртэх боломж нээгдэж байна.


Хадгаламж эзэмшигчид хувьцаа эзэмших боломжтой болно.


Томоохон банкууд хөрөнгийн зах зээлд нэгэн зэрэг гарч ирэхэд захиалга бүрдэхгүй байх эрсдэлтэйг олон улсын санхүүгийн байгууллагуудаас манайд сэрэмжлүүлэн анхааруулж буй. Тэгвэл тооцоо, төлөвлөгөөний дагуу IPO хийхэд захиалга бүрдэх боломжтой гэсэн хариуг Төвбанк болон хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд өгч байна. 




Ташрамд мэдээлэхэд, эхэнд дурдсан банкны шинэчлэлийн хуульд банкуудыг нээлттэй болон хаалттай гэсэн 2 хэлбэрээр хувьцаат компани болох зохицуулалтыг оруулсан. Тодруулбал, банкны системийн нөлөө бүхий томоохон банкуудыг нээлттэй ХК байх шаардлагыг хуулиар тавьж буй. Харин бусад банкыг хаалттай ХК байхаар, эсвэл нээлттэй болох эрхийг нь нээлттэй үлдээж байгаа юм. Системийн нөлөө бүхий томоохон банканд ХААН, ХХБ, Голомт, ХАС, Төрийн гэсэн 5 банк багтаж буйг Монголбанкны холбооноос мэдээлж байна.

Дээрх 5 банк хуулиар заавал нээлттэй ХК буюу нээлттэй хэлбэрээр хувьцаагаа олон нийтэд арилжих банк болох юм. Харин системийн нөлөө бүхий бус банкуудын хувьд хувьцаагаа нээлттэй худалдаж болно. Эсвэл ХК-ийн хэлбэртэй, 50-иас дээшгүй хувьцаа эзэмшигчтэй, хаалттай компани байх сонголтыг өгч байна. Бас нэг онцлог нь, арилжааны банкууд IPO хийж, хувьцаагаа гаргаснаар зөвхөн дотоодын гэлтгүй, гадаадад, олон улсын бирж дээр хувьцаагаа гаргаж арилжих боломжтой болох юм. 

Холбоотой мэдээ