Төрийн анхан шатны үйлчилгээг нэг дороос авах боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-02-22 20:37:41

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын Малчин баг нь 2011 онд байгуулагдсан бөгөөд 570 өрхийн 2000 орчим оршин суугчтай аж. Тус багийн иргэд төрийн анхан шатны үйлчилгээг авахын тулд Дархан сумын төв рүү орох шаардлагатай байсан. Харин энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Багийн хөгжлийн төвийг барьж ашиглалтад оруулсан. Гэвч барилгын зарим хэсгийг дахин засварлах шаардлага гарснаас үүдэн төрийн үйлчилгээ авах боломж бүрдэхгүй байсан. Тэгвэл засварын ажил дуусч өнөөдөр Багийн хөгжлийн төв ашиглалтад орж иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос хүргэх боломж нээгдлээ. Тодруулбал багийн нийгмийн ажилтан, ХХҮГ-ийн мэргэжилтэн, халамжийн ажилтан иргэддээ хүрч ажиллах юм.

Өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Дархан сумын засаг дарга Т.Тулгаа болон холбогдох удирдлагууд тус багийн төвийн байртай танилцаж, цаашид хийгдэх ажлын талаар санал солилцлоо.

Түүнчлэн багийн хөгжлийн төвийн байрны дэргэд халуун усны газар ашиглалтад орсон аж. Тус халуун усны газраар том хүн-3000 төгрөг, хүүхэд-1000-2000 төгрөгөөр үйлчлүүлэх боломжтой бөгөөд нэг дор найман хүнд зэрэг үйлчлэх хүчин чадалтай ажээ.

 

Холбоотой мэдээ