БНХАУ өвлийн паралимпын наадмыг олимпын адил амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2022-02-25 10:10:11

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-д “Бээжин-2022” өвлийн паралимпын наадмыг амжилттай зохион байгуулах хүчин чадал, нөөц бололцоо бий гэж Олон улсын паралимпын хорооны /ОУПХ/ тэргүүн Эндрю Парсонс мэдэгджээ.


Тэрбээр “Xinhua” агентлагт ярилцлага өгөх үеэрээ ийнхүү хэлээд, Хятадын баг тамирчдад өндөр найдлага тавьж байгаагаа ярьжээ. Түүний хувьд Бээжингийн олимпыг “гайхалтай” болсон хэмээн тодорхойлсон байна.


Олимпын наадмыг цар тахлын үед зохион байгуулахад нөр их хүч хөдөлмөр шаардлагатай ч “Бээжин-2022” наадмыг зохион байгуулагчид, Хятадын Засгийн газрын боловсруулсан стратеги маш үр дүнтэй байлаа гэж Э.Парсонс хэлжээ.


“Бид гайхалтай олимпын наадмыг үзсэндээ маш их баяртай байгаа, Хятад улс, “Бээжин-2022” наадмыг зохион байгуулагчдад паралимпыг ч мөн амжилттай зохион байгуулах хүчин чадал, нөөц бололцоо бий” гэж ОУПХ-ны тэргүүн онцолсон байна.


Э.Парсонс удахгүй болох наадамд оролцох тамирчдад хандан хэлэхдээ, ОУПХ, Хятад улс, “Бээжин-2022” наадмыг зохион байгуулагчид аюулгүй орчныг бүрдүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байгааг цохон тэмдэглээд, ингэснээр тамирчид олон жилийн турш зорин бэлдсэн бүхнээ үзүүлж, өндөр амжилт гаргахын төлөө өрсөлдөхөд л анхаарлаа хандуулах боломжтой болно гэв.


“Миний бие Хятад улс, Хятадын ард түмний хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байгаа, тус улсын дэлхий дахинд хүргэж буй бүхнийг бүтээхэд маш хүндрэлтэй” гэдгийг тэрбээр мөн тодотгоод, Бээжинд очих мөчөө тэсэн ядан хүлээж байна хэмээн хэлсэн байна.


“Бээжин-2022” өвлийн паралимпын наадам ирэх гуравдугаар сарын 4-13-ны өдрүүдэд болно.  

Холбоотой мэдээ