Л.Месси MLS-ийн улирлын үнэ цэнтэй тоглогчоор дахин шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-12-10 09:53:17

ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /TASS/. “Интер Майами” клубийн аргентин довтлогч Лионель Месси Хойд Америкийн хөл бөмбөгийн гол лигийн (MLS) улирлын үнэ цэнтэй тоглогчоор шалгарлаа.


Л.Месси энэхүү шагналыг хоёр улирал дараалан хүртэж байгаа бөгөөд тэрбээр 2024 онд мөн шилдэг тоглогчоор тодорсон юм. MLS-ийн түүхэнд анх удаа нэг тоглогч хоёр жил дараалан энэхүү шагналыг хүртлээ. 


Улирлын төгсгөлд Л.Месси “Интер Майами” багийн бүрэлдэхүүнд MLS-ийн аварга шалгаруулах ээлжит тэмцээнд түрүүлснээр тус баг түүхэндээ анх удаа аваргын цомыг өргөсөн байна. Ингэснээр 38 настай аргентин довтлогч тус клубийн бүрэлдэхүүнд дөрөв дэх цомоо хүртжээ. 


MLS -ийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Л.Месси 28 тоглолтод 29 гоол оруулж, 16 удаа гоолын дамжуулалт өгсөн бол плей-оффын зургаан тоглолтод зургаан гоол хийж, долоон удаа гоолийн дамжуулалт өгчээ.


“Алтан бөмбөг” шагналыг найман удаа хүртсэн Л.Месси Испанийн “Барселона”, Францын “Парис Сен-Жермен” багуудад тоглож байсан бөгөөд 2023 оны зунаас хойш “Интер Майами”-д тоглож байгаа билээ. Л.Месси “Барселона”-д тоглож байхдаа хамгийн олон буюу 35 удаа тэмцээнд түрүүлсэн байна. Тодруулбал, тус багийн бүрэлдэхүүнд 10 удаа Испанийн аварга болж, 8 удаа Супер цомыг өргөж, Испанийн цомд 7 удаа, Аваргуудын лигт 4 удаа, УЕФА-гийн Супер цомд 3 удаа, клубүүдийн ДАШТ-д 1 удаа түрүүлж байв.


Мөн Францын “Пари Сен-Жермен” багт тоглож байхдаа гурван том тэмцээн буюу Францын АШТ-д /2022, 2023/ хоёр удаа, Францын Супер цомд нэг удаа түрүүлжээ.


Харин Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд ДАШТ /2022/, Америкийн цом /2021, 2024/, Олимпын наадам /2008/, Финалиссиме /2022/, 20 хүртэлх насныхны ДАШТ /2005/-д аваргалж байв.  


Холбоотой мэдээ