Чөлөөт бөхийн өсвөрийн Аймгийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-03-01 21:08:24

Төв /МОНЦАМЭ/ Монгол Улсын Гавьяат тамирчин, Монгол Улсын арслан Ө.Эрдэнэ-Очирын нэрэмжит 2022 оны өсвөрийн чөлөөт бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2-р сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус тэмцээнд 18 байгууллагын 260 тамирчин өрсөлдлөө. Үүнээс 67 охид, 193 хөвгүүд барилдаж, шилдгүүдээ тодруулсан юм.

Тэмцээний “Өсөх ирээдүйтэй тамирчин”-аар Баянцагаан сумын тамирчин Ү.Цэндмаа шалгарсан бол “Шилдэг тамирчин”-аар Хүмүүн цогцолбор сургуулийн Ү.Мөнхчимэг, Батсүмбэр сумын тамирчин Б.Аргабилэг нар шалгарлаа.

Охидын багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрыг Ц.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай Батсүмбэр сум, дэд байрыг П.Мөнхсум дасгалжуулагчтай Жаргалант сум, гутгаар байрыг С.Баттөр дасгалжуулагчтай Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургууль эзэлсэн байна. Хөвгүүдийн багийн дүнгээр тэргүүн байрыг Ц.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай Батсүмбэр сум, дэд байрыг Э.Алтанцоож дасгалжуулагчтай Жаргалант сум, гутгаар байрыг Б.Агваанрэнчин дасгалжуулагчтай Заамар сумын 1–р сургууль тус тус эзэллээ.

Мөн багийн нийлбэр дүнгээр 99 оноогоор Ц.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай Батсүмбэр сум тэргүүн байр,  70 оноогоор Э.Алтанцоож дасгалжуулагчтай Жаргалант сум дэд байр, 48 оноогоор С.Баттөр дасгалжуулачтай Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургууль тус тус шалгарсан байна.


Ө. Эрдэнэ-Очир арслан нь 1957 онд  Улсын начин, 1961 оны МБАТС-д 28 бөхийн тойргийн барилдаанд 25 давж улсын зэрэглэлтэй цол, 1976 онд Улсын арслан цол хүртсэн, улсын наадамд нийтдээ 16 удаа шөвгөрсөн, 

1960-аад оны эхээр Алдар спортын хороонд чөлөөт бөхөөр хичээллэж Олимп,тив, дэлхий, олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртсэн хүнд жингийн цөөхөн бөхчүүдийн нэг билээ. Иймд гавьяат тамирчнаа алдаршуулан дурсаж, түүний нэрэмжит чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг 16 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. 

Холбоотой мэдээ