Виртуал хөрөнгийн үйлчилгээ авсан иргэд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт холбогдох өндөр эрсдэлтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-03-01 15:49:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал “BINANCE” буюу дэлхийн томоохон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн төлөөгчидтэй өнөөдөр уулзлаа.


Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сарын 12-нд өргөн мэдүүлснийг УИХ арванхоёрдугаар сарын 17-нд баталсан. Хууль өнгөрсөн сарын 25-наас хүчин төгөлдөр болж, хэрэгжиж байна.


Уулзалтын эхэнд Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал хуулийг дагалдан найман журам батлах ёстой бөгөөд журмуудыг Санхүүгийн зохицуулах хороо боловсруулж буй талаар болон хуулийг англи хэл дээр орчуулж, олон нийтэд, олон улсад таниулах ажил хийгдэж буйг дурдаад хуулийн гол зохицуулалтын талаар танилцуулав.


Тэрбээр виртуал хөрөнгийн үйлчилгээ нь технологийн дэвшлийг ашиглаж, бага зардалтайгаар санхүүгийн хүртээмжийг нэмэх давуу талтай ч койн, токенуудыг арилжаалах үйл явц нь маш богино хугацаанд, өндөр үнийн дүнтэйгээр явагдаж байгаа. Энэхүү үйл явцыг дагасан цахим гэмт хэрэгт иргэд, хөрөнгө оруулагчид хохирох, цаашлаад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт холбогдох өндөр эрсдэлтэй тул тусгайлсан эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байсан талаар тэмдэглэсэн.


Уулзалтаар мөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор харилцан санал солилцлоо. Уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн болон холбогдох албан тушаалтнууд оролцож, байгуулллагын төлөөлөгчдийн асуусан асуултад хариулт өглөө. Мөн Инновац, цахим бодлогын байнгын хорооны ажлын албаны ажилтнууд оролцов.


Виртуал хөрөнгийг зөвхөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компаниар дамжуулан нийтэд санал болгох, худалдах бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй компаниудын болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор баталсан бусад журамд заасан шаардлагуудыг хангаснаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлэх боломжтой болж байна. Үйлчилгээ үзүүлэгч нь хуульд заасан үүрэг, шаардлагыг хангаж СЗХ-нд бүртгэсэн тохиолдолд харилцагчдаа таньж мэдэх, тэдгээрийн хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны эсэхийг тогтоох, виртуал хөрөнгийг эзэмших, арилжихад учирч болох техникийн болон залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болох эрсдэлүүдийг урьдчилан харилцагч нарт танилцуулах үүргийг биелүүлж ажиллах талаарх зохицуулалтыг тусгасан байна.


Тус хуулийг хэрэгжүүлэх хүрээнд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор тухайн компаниудын ажилд хяналт тавих, эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх, эдгээртэй холбоотой нарийвчилсан харилцааг зохицуулах, хувь нийлүүлсэн хөрөнгө болон өөрийн хөрөнгийн хэмжээг тогтоох, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хязгаарлалт тогтоох, түр зогсоох зэрэг асуудлыг Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхэд хамааруулан зохицуулалтыг тусгасан байна.


Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэснийг тухайн виртуал хөрөнгөд өгч байгаа баталгаа гэж үзэхгүй. Виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцахгүй байхаар зааж, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компаниар дамжуулахгүйгээр нийтэд санал болгох, худалдахыг хориглосон байна.

Холбоотой мэдээ