“Нийгмийн цогц явуулын үйлчилгээ” иргэдэд хүрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-03-03 13:05:32

Дорнод /МОНЦАМЭ/. Хөдөөх сумдын иргэдэд “Нийгмийн цогц явуулын үйлчилгээ”-г жилд хоёр удаа хүргэнэ. Нийгмийн цогц явуулын үйлчилгээнд эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, соёл, урлаг, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, эрүүл мэндийн даатгал, мал эмнэлэг, улсын бүртгэл, ахуйн үйлчилгээ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг олон талын үйлчилгээ багтаж байгаа юм. Үүний үр дүнд хөдөөгийн малчид нийгмийн үйлчилгээ авахын тулд сум, аймгийн төвийг зорихгүйгээр цаг хугацаа, санхүүгээ хэмнэхээс гадна аливаа өвчлөлийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлүүлэх боломж нэмэгдэнэ.

Өнгөрсөн онд аймгийн төсвийн санхүүжилтээр “Хөдөлгөөнт эмнэлэг”-ийг бүх суманд ажиллуулж, 7-9 төрлийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэгт нийт 3518 иргэнийг хамруулсан аж. Үзлэгийн 86,1 хувьд өвчлөл илэрсэн бөгөөд үүнээс 16,3 хувь нь шинэ өвчлөл байжээ. Зүрх судас, амьсгалын замын өвчлөл, шүд цоорох өвчин зонхилсон гэв.

Холбоотой мэдээ