ОХУ НҮБ-ын АЗ-ийг хуралдуулах санал гаргав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-03-11 11:38:59

НҮБ. /RIA Novosti/. ОХУ Украин дахь АНУ-ын цэргийн биологийн үйл ажиллагааг хэлэлцэх зорилгоор НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг /АЗ/ баасан гарагт хуралдуулах санал гаргасан гэж НҮБ-д суугаа тус улсын байнгын төлөөлөгчийн нэгдүгээр орлогч Дмитрий Полянский твиттер хуудсандаа мэдээлжээ.


"Оросын төлөөлөгчийн газар АЗ-ийг гуравдугаар сарын 11-нд хуралдуулж, Украины нутаг дэвсгэрт явуулж буй АНУ-ын цэргийн биологийн үйл ажиллагааны талаар хэлэлцэх хүсэлт тавьсан" гэж тэрбээр бичжээ.


ОХУ-ын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков өнгөрсөн ням гарагт хэлэхдээ, Оросын Зэвсэгт хүчин Украинд явуулж буй тусгай ажиллагааныхаа үеэр АНУ-ын санхүүжилттэй цэргийн биологийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа баримтуудыг илрүүлсэн. Тухайлбал, өнгөрсөн сарын 24-нд аюултай эмгэг төрүүлэгч болох тахал, боом, туляреми, холер болон үхлийн аюултай бусад өвчин үүсгэгчдийг яаралтай устгах талаар Украины биологийн лабораторийн ажилтнуудаас мэдээлэл авсан гэсэн байна.


ОХУ-ын Зэвсэгт хүчний Цацраг, хими, биологийн хамгаалалтын албаны дарга Игорь Кирилловын мэдээлснээр, Украинд биологийн 30 гаруй лаборатори бүхий сүлжээ бий бөгөөд АНУ үйл ажиллагаанд нь 200 сая гаруй ам.доллар зарцуулжээ. Украин дахь АНУ-ын цэргийн биологийн үйл ажиллагаатай холбогдуулан ОХУ Биологийн болон хорт зэвсгийг хориглох тухай конвенцийн дагуу зөвлөлдөх механизмыг эхлүүлэхийг үгүйсгэхгүй гэж Оросын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдсэн байна. Түүнчлэн БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Жао Лизянь Украин дахь АНУ-ын санхүүжилттэй биологийн лабораториудын талаарх мэдээлэлд тайлбар хийхдээ, дотоод болон гадаад дахь биологийн цэрэгжилтийн үйл ажиллагаагаа дэлгэхийг Вашингтонд уриалжээ.


Харин АНУ-ын Төрийн департаментаас Украинд тус улсын хими, биологийн лаборатори байхгүй гэж мэдэгдээд Оросын энэ талаарх мэдэгдлийг "өөрсдийн цэргийн ажиллагааг зөвтгөх гэсэн оролдлого" гэсэн байна.


Холбоотой мэдээ