МОНЦАМЭ агентлаг 101 жилийн өмнөх энэ өдөр анхны мэдээгээ дэлхий дахинд түгээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2022-03-18 12:21:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын цахилгаан мэдээний агентлаг МОНЦАМЭ “Монголчуудын бослого” нэртэй анхны мэдээгээ одоогоос 101 жилийн өмнөх энэ өдөр буюу 1921 оны гуравдугаар сарын 18-нд бэлтгэж, тухайн үеийн Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын Дальта агентлаг руу дамжуулсан байна.


Жанжин Д.Сүхбаатарын даалгавраар тухайн үеийн Монгол ардын хувьсгалт армийн Улс төрийн газрын зөвлөх-сургагчаар ажиллаж байсан Оросын иргэн И.Г.Демко уг мэдээг бичиж, “МОНТА мэдээлэв” хэмээн Дальта агентлагт уламжилжээ.


И.Г.Демко хожим дурсахдаа, "Би 1921 оны гуравдугаар сард Монгол ардын хувьсгалт армийн Улс төрийн газрын даргын дэргэд зөвлөх-сургагч, Монголын цахилгаан мэдээний агентлаг /МОНТА буюу Монгольская Телеграфная Агенство/-ийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан. Гуравдугаар сарын 18-ны өдөр МАН-ын Төв хороо, Монгол ардын хувьсгалт түр засгийн газар Монголын газар нутгийн тэр хэсгийг өөрийн мэдэлд чөлөөлөн авсны дараа Монголын цахилгаан мэдээний газрын эрхлэгчийн хувьд Москва руу РОСТА агентлагийн нэр дээр Монголын газар нутаг дээр Ардын хувьсгалт түр засгийн газар тогтоосон тухай мэдээг явуулсан" хэмээжээ.


Жанжин Д.Сүхбаатарын удирдлага дор Монгол ардын журамт цэргүүд 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хиагтыг гамин цэргүүдээс чөлөөлсөн тухай агуулга бүхий энэхүү мэдээг 1921 оны 3 дугаар сарын 30-нд Дальта агентлагаас РОСТА агентлаг дамжуулан мэдээлснийг эх сурвалж болгон Оросын “Правда” сонинд нийтэлж, дэлхий дахины сонорт Монголын хувьсгалчдын харийн түрэмгийлэгчдийн эсрэг хийсэн анхны томоохон ялалтыг тунхаглажээ.


Улмаар, 1921 оны долоодугаар сарын 19-нд Засгийн газрын зургаадугаар хурлаар Дотоод хэргийн яамны харьяанд “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо”-г албан ёсоор байгуулсан нь өнөөгийн "МОНЦАМЭ агентлаг" төдийгүй, Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт шинэ хуудас болсон юм. Энэ үеэс хойш "МОНЦАМЭ агентлаг" Монголыг олон улсад сурталчлах үүргээ нэг зууны турш амжилттай биелүүлжээ.


Өнөөдрийн байдлаар, орос, хятад, япон, англи хэлээр болон босоо монгол бичгээрээ долоо хоног тутмын сонин гаргахаас гадна таван хэлээрх өдөр тутмын мэдээллийн “www.montsame.mn” цахим хуудсыг ажиллуулж байгаа нь Монголдоо анхдагч юм. Мөн улирал тутмын “Mongolia Today” сэтгүүлийг эрхлэн гаргахаас гадна англи, орос хэлээр " МОНЦАМЭ Daily news", "МОНЦАМЭ новости" товхимлоо уншигчдын гарт хүргэж байна.



МОНТА буюу МОНЦАМЭ анхны мэдээгээ түгээсэн байр. Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум.


“МОНГОЛЧУУДЫН БОСЛОГО”


ЧИТА. 1921 оны 3 дугаар сарын 23 /Дальта/. Троицкосавск /Дээд шивээ/-аас авсан мэдээнээс үзвэл Унгерн, Комаровский нарын удирдсан хэрмэл дээрэмчин бүлэг цагаантан хийгээд санаа сэтгэлээр бүрэн дампууран унасан хятадын цэргийн эрхтний аллага, таллагад нэрвэгдсэн монголчууд тэмцэн босч Маймаа /Хиагт/ суурин болон түүний ойролцоох газруудыг байлдан эзлээд Монгол ардын засгийн газрыг зарлан тунхаглав.


Дэлхийн империалистуудын түрэмгий ашиг сонирхлыг илэрхийлсэн Оросын цагаантны балмад бодлогын эсрэг Монголын засгийн газар шийдвэртэй тэмцэж, тусгаар тогтнолоо хамгаалан нутаг дэвсгэртээ аж төрөн суугаа энгийн номхон орос, хятад, монгол иргэдийн энх амгалан байдлыг аль болохоор хамгаалах зорилт тавьж байна. Маймаа /Хиагт/-д гарсан улаан монголчуудын бослого нь монголын хүн амын бүх давхаргыг хамарч ойролцоох хошуудад амжилттай дэлгэрч байна гэж хилийн районоос МОНТА агентлаг мэдээллээ. РОСТА


МОНЦАМЭ агентлагаас “Монголчуудын бослого” мэдээ бүхий дурсгалын гэрэлт самбарыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь Монгол ардын хувьсгалт цэргийн жанжин штаб анх байрлаж байсан байрны хананд 2010 онд байрлуулсан юм.

Холбоотой мэдээ