Аврагч, гал сөнөөгч дэд ахлагч Т.Тавхай шилдэг ахлагчаар шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-03-17 18:35:42

Завхан/МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний 101 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг тэмцээнүүдэд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тэргүүлжээ.

Жил бүр зохион байгуулдаг марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээн, спортын аваргуудыг шалгаруулах тэмцээнд энэ жил 100 гаруй алба хаагч хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Энэхүү тэмцээний шилдэг тасгаар Онцгой байдлын газрын Аврах бүлгийн дарга дэслэгч Г.Маналжав ахлагчтай тамирчид шалгарч, аваргын алтан медаль, шилжин явах цомоор шагнууллаа.

Харин тус тэмцээний шилдэг офицерын төрөлд дэслэгч Ш.Нямдэмбэрэл дэд байр, шилдэг эрэгтэй ахлагчийн төрөлд Гал түймэр унтраах аврах 43 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч дэд ахлагч Т.Тавхай тэргүүн байр, эмэгтэй ахлагчийн төрөлд Гал түймэр унтраах, аврах 39-р ангийн дуудлага хүлээн авагч ахлах ахлагч Б.Лхамсүрэн дэд байрт тус тус шалгарсан юм.

Мөн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий 15 байгууллагын 300 гаруй тамирчин спортын найман төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодруулаад буй. Энэ тэмцээнд Онцгой байдлын газрын баг тамирчид амжилттай оролцож, тэмцээний эрэгтэй гар бөмбөгийн төрөлд тэргүүн байрыг, ширээний теннисний эмэгтэй гуравдугаар байр, ширээний теннисний хосын төрөлд хоёрдугаар байрыг эзэллээ. Харин усанд сэлэлтийн буухиа төрөлд манай алба хаагчид тэргүүн байр, гүний төрөлд мөн тэргүүн байрыг тус тус эзэлсэн амжилттай Зэвсэгт хүчний 101 жилийн ойг угтаж байна гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ