Олон улсын тээврийн байгууллага Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлын нөхцөл байдлыг судална
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Олон улсын тээврийн форум” байгууллагаас манай улсад ажлын баг ирэн ажиллаж байна. Тус багийн ахлагч Гүйнен Чений мэдэгдэж буйгаар, Монгол Улс “Олон улсын тээврийн форум” байгууллагын гишүүн орны хувьд тус байгууллагаас нийтийн тээврийн салбарт агаарын бохирдол болон автотээврийн ачаалал, түгжрэлийг нөхцөл байдлыг судлахаар болжээ.
Тодруулбал, “Улаанбаатар хотын тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг нийтийн тээврийг хөгжүүлэх замаар бууруулах судалгаа”-г тээврийн загварчлал дээр тулгуурлан хийхээр болжээ.
Ажлын багийнхан өнөөдөр Улаанбаатар хотноо ЗТХЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг холбогдох байгууллагын төлөөлөлтэй судалгааны танилцах уулзалтаа хийв.
Уулзалтад ЗТХЯ, нийслэлийн
Захирагчийн ажлын алба, нийслэлийн Замын хөгжлийн газар, НҮБ-ын Хөгжлийн
хөтөлбөрийн төлөөлөгч нар оролцож нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний өнөөгийн
байдал, нийтийн тээвэр болон тээврийн хэрэгслийн нөхцөлийн талаар мэдээлэл сонсож
танилцлаа.
Тодруулбал, тээврийн хэрэгслийн эзэмшил, нийслэл дэх атомашины хөдөлгөөний хязгаарлалтын үйлчлэл, автозогсоолын хүртээмж, цахилгаан автомашины нэвтрэл, түүнд үзүүлж буй хөнгөлөлт урамшууллын механизм, нийтийн тээврийн шинэчлэл зэрэг олон асуудлыг хөндөн ярилцлаа.
Нийслэлийн нийтийн тээврийн газраас “Улаанбаатар хотын тээврийн систем”, Хот төлөвлөлт, судалгааны институтээс “Хотын бүс, хүн ам, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа” сэдвээр танилцуулав.
Нийслэлд хийсэн судалгаанаас харахад иргэд түгжрэлд өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг буюу түгжрэлийн улмаас нийт 2.7 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ.
Манай улс тээврийн салбарт хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он хүртэл 35 хувь бууруулах зорилт тавин ажиллаж байна.
Манай улс тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он хүртэл 35 хувь бууруулах зорилт тавин ажиллаж буйг ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тодотголоо. Ингэхийн тулд хийн, цахилгаан, хосолмол зэрэг байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх, Евро-5 стандартын шатахуунд бүрэн шилжих, нийтийн тээврийн шинэ төрлийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага гарч буйг онцоллоо.
“Бидний судалгаа тээврийн
хэрэгслээс агаар, орчинд үзүүлж буй утаа, түүний бохирдолд голлон төвлөрч
байгаа. Мөн автозамын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийн шалтгааныг судалгаагаар
гаргана. Энэ хоёр гол асуудалд Улаанбаатар хотын автозамын байдал, хөдөлгөөний
нягтрал, зогсоол, дугаарын хязгаарлалт гээд олон зүйл холбогдож байна.
Автотээврийн хэрэгслийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, түгжрэлийг сааруулах зорилготой манай судалгаатай дээрх олон асуудал холбоо хамааралтай. Асуудлыг ингэж цогцоор авч үзэж байж бид агаарын бохирдол, түгжрэлийг шийднэ” гэдгийг “Олон улсын тээврийн форум” байгууллагын Нарийн бичгийн дарга нарын ажлын албаны дарга Яри Кауппила онцлон хэлж байна.
Тодруулга: “Олон улсын тээврийн форум” нь дэлхий 65 улс орны төлөөллийг эгнээндээ багтаасан, олон улсын Тээврийн сайд нарын байгууллага юм. Манай улс тус байгууллагад 2020 оны 5 дугаар сард нэгджээ. Тус байгууллагын Тээврийн сайд нарын ээлжит чуулган энэ оны 5 дугаар сард болох гэж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор тус байгууллагын нэгдсэн чуулган хойшлогдсоор иржээ.
Гэрэл зургийг Н.Батбаяр