Орос-Украин: Хэлэлцээний явц, хэлэлцээр байгуулагдах магадлал

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2022-03-24 12:17:11

Орос, Украины төлөөлөгчдийн уулзалт даваа гарагт бүтэн цаг хагас үргэлжилсний дараа ажлын хэсгүүд асуудлуудыг хэлэлцлээ. Хэлэлцээ ямар үр дүнд хүрсэн бэ, мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан уу, довтолж буй Орос ба хамгаалж буй Украин хоёр бие биенээсээ чухам юуг шаардаж байна вэ? Талуудын мэдэгдэлд үндэслэн дүгнэлт хийх нь тун ярвигтай бөгөөд эдгээр мэдэгдэл нь мэдээллийн дайны нэг хэсэг мэт харагдаж байна. Ийм учраас ВВС агентлагийн тоймч тухайн хэлэлцээний явцын талаарх хөндлөнгийн дүгнэлтээ танилцуулжээ.  


Эхлэл


Оросын цэрэг цөмрөн орсноос хойших 5 дахь хоног буюу 2 дугаар сарын 28-нд дайтагч талуудын төлөөлөгчид Беларусийн Гомель мужид, Украинтай залгаа хилээс холгүй газарт, Припять голын орчимд анх удаагаа уулзлаа.


Хоёр талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн ажиглагчдын анхааралд төдийлөн өртсөнгүй. Оросын төлөөлөгчдийг Ерөнхийлөгч В.Путиний туслахуудын нэг, өмнө нь Соёлын сайдаар ажиллаж байсан В.Мединский ахалж, бүрэлдэхүүнд нь ГХЯ-ны орлогч сайд А.Руденко, Беларусьт суугаа ОХУ-ын элчин сайд Б.Грызлов, Төрийн Думын Олон улсын харилцааны асуудал эрхэлсэн хорооны дарга Л.Слуцкий, Батлан хамгаалахын дэд сайд А.Фомин нар багтжээ.


Украины төлөөлөгчдийн бүрэлдэхүүн бүр ч цомхон бөгөөд Батлан хамгаалахын сайд А.Резников, Дээд Рад дахь “Ард түмний зарц” намын бүлгийн дарга Д.Арахамия, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх М.Подоляк нараас бүрджээ.


Хэлэлцээний эхний үе шат ямар ч үр дүнд хүрээгүй ба талууд ямар нэгэн мэдэгдэл мэдээлэл хийсэнгүй.


Тухайн үед ерөнхийлөгч Зеленский-гийн тамгын газар “гал зогсоож, Оросын цэргийг Украинаас гаргах нь хэлэлцээний гол асуудал мөн” гэдгийг мэдэгдэж байсан юм. Харин Кремлийн зүгээс өөрийн байр суурийг зарлан мэдэгдээгүй, гэхдээ Путин ба Гадаад хэргийн сайд С.Лавров нарын өмнөх мэдэгдлүүдэд дүгнэлт хийвээс, Украиныг “нацизмаас ангижруулах”, “цэрэгггүйжүүлэх” гэсэн асуудлууд яригдаж нь тодорхой болов. Гэхдээ дипломат яриа хэлэлцээний албан ёсны нэр томьёонд дээрх үгс ямар утгатай болох нь ойлгомжтой бус байгаа юм.  


Удалгүй 3 дугаар сарын 1-ний өдөр В.Зеленский “В.Путинтэй шууд хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа” мэдэгдэв. Харин тухайн үед ч, одоо ч гэсэн Кремль Зеленскийн саналд “одоохондоо эрт байна” гэсэн нэг л ижил хариултыг өгсөөр байна.

Хэлэлцээний хоёрдахь үе шат 3 дугаар сарын 3-нд Беларусийн Брест мужийн нутагт боллоо. Энгийн номхон иргэдийг хотуудаас гаргахын тулд хүмүүнлэгийн коридор нээх, тэдэнд эм эмнэлгийн хэрэгсэл, хоол хүнс хүргэхийн тулд гал түр зогсоох талаар талууд тохиролцжээ.


7-ний өдөр Беловежийн төгөлд болсон хэлэлцээний 3 дахь үе шатны үр дүнд талууд сэтгэл хангалуун бус байна. Оросын төлөөлөгчдийн тэргүүн Мединский “хүлээлт талаар болсон” тухай мэдэгдсэн бол Украины төлөөлөгчдийн тэргүүн М.Подоляк-ийн ярьснаар “хүмүүнлэгийн коридорын логистикийн асуудлаар бага зэргийн ахиц дэвшил гарчээ”.


Энэ үеэр Турк улс дайтагч талуудын хооронд илүү өндөр түвшинд хэлэлцээ хийлгэхээр оролдож, 10-ны өдөр Анталья хотод Орос, Украины Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын дараа Украины Гадаад хэргийн сайд Д.Кулеба мэдэгдэхдээ “гал зогсоох асуудлаар ахиц дэвшил гараагүй” болохыг хэлсэн бол Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров “Украины тал хямралыг зохицуулахтай холбоотой саналыг судлахаар хүлээж авсан” гэв. Гэхдээ чухам ямар саналууд вэ гэдэг талаар тодорхой зүйл хэлсэнгүй.

Үүний дараа Зеленский “Оросын Ерөнхийлөгчтэй хэдийд ч уулзахад бэлэн” гэдгээ хэд хэдэн удаа мэдэгдээд уулзалтыг хойшлуулахгүй байхыг уриаллаа. Түүнчлэн Орос-Украины дээд хэмжээний хэлэлцээг улс орондоо явуулахад бэлэн гэдгээ Турк, Швейцарь, Израиль мэдэгдэв. Украины ерөнхийлөгчийн үзэж байгаагаар, Иерусалим хот уулзалтыг явуулахад хамгийн тохиромжтой нь ажээ.


Шинэ агуулга


21-ний даваа гарагт хоёр тал дээд хэмжээний хэлэлцээний асуудлаар харилцан мэдэгдэл хийлээ. Зеленский хэлэхдээ “Орос орныг сүйрлээс аврах цорын ганц боломж ерөнхийлөгч Путинд байна, энэ бол энхийн хэлэлцээ хийх явдал” гэжээ. Харин Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч Д.Песков “В.Путин, В.Зеленский нарын уулзалтын талаар ярихад эрт байна, тэдэнд шийдэж тохиролцчихоор зүйл одоохондоо огт алга” гэсэн байр суурийг илэрхийллээ.


Дайн эхэлснээс хойш, эхний шатны хэлэлцээ болсноос хойш нөхцөл байдал аль аль талын хувьд нэлээд өөрчлөгджээ. Оросын цэрэг пуужин, их буугаар байнга галлаж байгаа учраас хэдэн сая хүн гэр орноосоо дүрвэж, энгийн номхон олон иргэд амиа алдаж, Украины зарим нутагт хүмүүнлэгийн хямрал нүүрлэжээ.


Гэсэн хэдий ч барууны шинжээчдийн үзэж байгаагаар, үйл явдал Кремлийн ордны төлөвлөсний дагуу өрнөхгүй байгаа бөгөөд Оросын цэргүүд Украины зэвсэгт хүчний эсрэг зууралдсан тулалдаанд татагдан орлоо. Урьд хожид үзэгдээгүй өргөн цар хүрээтэй барууны орнуудын хоригуудын үр дагавар Орост мэдрэгдэж эхэлжээ. Кремль болон түүний суртал ухуулагчид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч хэлэлцээний агуулга дайны эхний өдрийнхээс илт өөрчлөгдсөн байна.


Хэлэлцээ хэрхэн явагдаж байна вэ?


Хэдийгээр Украины төлөөгчид хэлэлцээний явцыг “маш хүнд хэцүү, зууралдсан” гэж дүгнэж байгаа боловч хэлэлцээнд оролцогчдын зүгээс “даруухан байдлаар” өөдрөг утга агуулгатай мэдэгдлүүд сонсогдож эхэллээ. Зөвшилцөлд хүрэх орон зай бий, ирээдүйд байгуулах хэлэлцээрийн зарим зүйл заалтуудын талаар бараг л тохиролцоонд хүрсэн мэтээр тэд ярьж байна.   

В.Зеленский нэгэн хэвлэлийн хурлын үеэр “хэлэлцээ шинэ агуулгаар баяжлаа” гэсэн бол В.Путин Беларусийн удирдагч А.Лукашенког хүлээн авч уулзах үеэрээ “хэлэлцээ бараг өдөр бүр явагдаж байна, тодорхой нааштай ахиц гарсан” гэлээ.  

Путин, Зеленский нарын уулзалтыг зохион байгуулах боломж онолын хувьд бий гэдгийг Кремль үгүйсгэхгүй байна. Гэхдээ хоёр талын Гадаад хэргийн сайд нар, хэлэлцээнд оролцогч төлөөлөгчид өөрт ногдсон ажил үүргийг гүйцэтгэх ёстой бөгөөд үүний дараа хоёр ерөнхийлөгч хэлэлцэн ярилцах бус харин тодорхой үр дүнд хүрэхийн тулд уулзах ёстой гэж Кремлийн ордныхон онцлон тэмдэглэж байна.


Талууд юуг хүсэж байна вэ?


Хэлэлцээнд оролцогчдын ярьснаар, үндсэн гол асуудлуудаар тохиролцоонд хүрэх хүртэл хэлэлцээний агуулгын талаар ямар нэгэн тайлбар хийхгүй гэж талууд тохирсон ажээ.


Гэсэн хэдий ч Украины талын тавьж буй шаардлагуудын талаар М.Подоляк хэдэнтээ ам нээсэн байдаг. Тэрбээр Оросын “Коммерсант” сонинд ярилцлага өгөхдөө “хэлэлцээр олон асуудлыг хамрах ёстой. Юуны түрүүнд дайныг зогсоох, хоёрдугаарт, Оросын цэргийг Украины нутгаас гаргах, гуравдугаарт, энхийн хэлэлцээр байгуулах ёстой” гэсэн юм.

Түүний ярьснаар бол, Оросын төлөөлөгчид “нацизмаас ангижруулах”, “цэрэггүйжүүлэх” гэх мэт шаардлагуудыг тавихаа больсон бөгөөд одоо “боломжийн” томьёоллууд дээр анхаарлаа хандуулж байгаа ажээ.


Харин Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова 3 дугаар сарын эхээр мэдэгдэхдээ “Орос улс Украины төр засгийг өөрчлөх зорилго тавиагүй, ОХУ-ын зэвсэгт хүчин Украиныг эзлэн авах, түүний төрийн бүтцийг нураах, тус улсыг удирдаж буй хүмүүсийг түлхэн унагах зорилго агуулаагүй” гэж байв.


16-ны өдөр Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песковын батлан хэлснээр “хэлэлцээний явцад Австри эсвэл Шведийн загвараар Украин улсыг цэрэггүйжүүлсэн, төвийг сахисан статустай болгох асуудлыг хэлэлцэж байгаа” ажээ. Песковын мэдэгдэлд Украины төлөөлөгчид тэр даруй хариу өгч, “Австри, Шведийн бус харин Украин загвар”-ын талаар ярилцсан гэдгийг тодотголоо.  


Төвийг сахих Австри, Шведийн загвар гэдэг нь тухайн улс цэргийн эвсэл холбоонд нэгдэхгүй, өөрийн нутаг дэвсгэрт гадаадын цэргийн баазуудыг байрлуулахаас татгалзана гэсэн үг болохыг Оросын төлөөлөгчдийг ахалж буй Мединский тэмдэглэн хэллээ. Үүнээс хоёр хоногийн дараа Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров мэдэгдэл хийж “аюулгүй байдлын асуудлууд, Украины төвийг сахисан статус зэрэг асуудлаар цогц баримт бичигт гарын үсэг зурснаар мөргөлдөөн эцэс болно” гэжээ.  


Ойрын үед энхийн гэрээ байгуулах магадлал


Ням гарагт Туркийн Гадаад хэргийн сайд М.Чавушоглу хэлэхдээ “талууд хэлэлцээр байгуулахад ойрхон байна хэмээн бид харж байна” гэсэн юм. Харин НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ярилцлага өгөхдөө “энэ хэлэлцээнээс тодорхой үр дүн гарна гэж ярих нь дэндүү эрт байна” гэв.  


АНУ-д мөн адил хэлэлцээний явцыг өөдрөг бус байдлаар үнэлж дүгнэж байна. Энэ долоо хоногт болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнөхөн НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд-ын мэдэгдсэнээр, хэлэлцээ амжилттай болох магадлал тун бага байгаа аж.


Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан “дүр эсгэсэн” байдлаар Украинтай хэлэлцээ хийж буй Орос улсыг буруутгаад оросууд Грозный, Сирийн Алеппо хотуудад хэрэглэсэн тактикаа дахиад ашиглаж буйг дурдсан байна.


Украины төлөөлөгчдийг ахалж буй М.Подоляк Польшийн Wirtualna Polska сонинд ярилцлага өгөхдөө “энхийн гэрээтэй холбоотой хэд хэдэн маргаантай асуудлыг ойрын хэдэн хоногт, магадгүй 10 хоногийн дотор шийдэх боломжтой” гэжээ. Түүний хэлснээр бол, энхийн гэрээ байгуулах нь мөргөлдөөний хамгийн хатуу ширүүн үеийг эцэс болгож, улс орноо сэргээн босгох боломжийг олгох бөгөөд гэхдээ үүгээр украинчуудын хувьд дайн дуусна гэдэгт эргэлзэж байгаа ажээ.    


В.Зеленский Америкийн телевизийн CNN сувагт ярилцлага өгөх үеэрээ “Путинтэй ярилцахын тулд, хэлэлцээ хийхийн тулд ямар ч формат, ямар ч боломжийг ашиглах хэрэгтэй. Хэрвээ эдгээр оролдлого бүтэлгүйтэх аваас энэ нь дэлхийн III дайны эхлэл байх болно” гэлээ.


Б.Адъяахүү

Эх сурвалж: ВВС

 

 

 

 

Холбоотой мэдээ