Энэ жил 50 мянган ширхэг тарьц, суулгац нийлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-03-26 13:22:33

Төв /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн хэмжээнд 2021 оны байдлаар 7457 иргэн, 632 аж ахуйн нэгж, байгууллагын оролцоотойгоор 121452 ширхэг мод бут, сөөг тарьж 255,2 сая төгрөг зарцуулжээ.

Төв аймаг нь 2022 оныг “Ногоон хөгжил-Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын зорилттой нийцсэн цаг үеэ олсон ажил болж байгааг ойн салбарынхан онцолж байна. Өнөөдрийн байдлаар Төв аймагт мод үржүүлгийн 17 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг.  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мод үржүүлгийн аж ахуй нэгж байгууллагуудаа дэмжин хамтран ажиллах хүрээнд 500 га газрыг ой үржүүлгийн чиглэлээр олгож, 20 сая мод тарих ажлыг хэрэгжүүлэх юм. 

Төв аймаг нь ойн сан бүхий газар нутгаараа Монгол Улсад тавдугаарт бичигддэг, нэг сая 300 мянган га талбайг хамарсан ойн сантай. Нийт 27 сумаас 22 сумын нутаг дэвсгэрт нарс, шинэс, хус, улиангар зэрэг холимог ой, мод ургадаг.

Төв аймаг жил бүр мод тарих, ойжуулах ажлыг зохион байгуулж, сүүлийн 10 жил 3700 гаруй га талбайд ойжуулалтын ажил хийжээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарихад мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөц, техникийн бааз сууриа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар албаныхан мэдээлсэн. 

Төв аймгийн сум дундын ойн ангийн хувьд аймагтаа таван га ой үржүүлгийн талбайтай, үүнээсээ жилд 35-50 мянган ширхэг тарьц, суулгац авах нөөцтэй. Өнгөрсөн жилд 38 мянган ширхэг тарьц суулгацыг орон нутаг, сумд болон БОАЖЯ-нд нийлүүлсэн байна. Тэгвэл энэ жилд нийтдээ 50 мянган ширхэг тарьц суулгац нийлүүлэх зорилттой ажиллаж байгаа юм.

Мөн Төв аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас 4 дүгээр сарын дунд үеэс эхлэн мод тарилт эхэлнэ гэдгийг хэллээ. 

Холбоотой мэдээ