Ногоон сэргэлт: Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын санхүүжилтийг олон эх үүсвэрээс бүрдүүлэх шаардлагатай

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2022-03-30 12:01:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ы өнөөдрийн буюу хоёр дахь өдрийн хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ илтгэл тавив. 

Тэрээр, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө Монгол Улсад сүүлийн 80 жилд эрчимтэй явагдаж, агаарын жилийн дундаж температур 2.2 хэмээр нэмэгдсэн ийм цаг хугацаанд, ялангуяа мөнх цэвдэг сүүлийн 50 жилд 30 гаруй хувиар хумигдаад буй энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан зохион байгуулж энэхүү чуулган нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд ногоон хөгжлийн сэргэлтийг хэлэлцэж, энэ талаар нэгдсэн шийдэлд хүрэх “Монголын Эдийн засгийн чуулган-2022”-ы цаг хугацаатай зэрэгцэн болж байгаа нь хамгийн бодит үр дүн гарах боломжтойг онцоллоо.

Тэрээр илтгэлдээ, Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон баримт бичгийг 2019 онд баталж, үндэсний зорилтыг хүлэмжийн хийн ялгарал ихтэй эдийн засгийн 6 салбар болон уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг эдийн засгийн 7 чиглэлд үе шаттай хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж буйг онцоллоо.

Мөн Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үндсэн 6 багц асуудлын нэг гол чиглэл “Ногоон хөгжлийн сэргэлт”-ийн төлөвлөгөөг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн “Алсын хараа-2050” бодлого болон Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөрт тусган хэрэгжилтийг ханган ажиллаж байна гэв.  





“Ногоон хөгжлийн сэргэлт”-ийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ойн санг нэмэгдүүлэхэд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн бодит хувь нэмэр оруулна.


“Ногоон хөгжлийн сэргэлт”-ийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ойн санг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, хүн амын баталгаат, ундны усаар хангах, говийн бүсийн усан хангамжийг нэмэгдүүлэх “Хөх морь” төсөл, орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлыг дахин боловсруулах, энгийн болон аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах зэрэг экологи, эдийн засгийн ач холбогдол бүхий төслүүдийг дэлхийн чиг хандлагад нийцүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг тэмдэглэн хэлэв.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ илтгэлдээ, “Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын санхүүжилт 2015 оноос хойш ДНБ-ий 0.37-0.58 хувийг эзэлсэн байдалтай, хэвээр явж ирсэн”-ийг дуулгаад, цаашид энэхүү санхүүжилтийг нэмэгдүүлж санхүүжилтийн эх үүсвэрийг олон талын эх үүсвэрээс бүрдүүлэх, үүний зэрэгцээ олон улсад шинэ тутам хэрэгжүүлж буй санхүүжилтийн механизмын хэрэгслүүдийг оновчтой ашиглах шаардлагатай байгааг тэрээр онцоллоо.

 

 

Холбоотой мэдээ