Гадаадад ажилладаг хүмүүсийг хариуцдаг зургаан хүнийг цаазалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-07-29 11:34:09

СӨҮЛ. /Yonhap/. Хятад дахь Умард Солонгосын эзэмшлийн ресторанаас 13 ажилтан оргон зайлсантай холбогдуулан гадаад дахь ажилчдыг хариуцдаг албаны зургаан хүнийг Умард Солонгост олны өмнө цаазалсан гэж Пхеньяныг ажиглагч Өмнөд Солонгосын байгууллага өнөөдөр мэдэгдлээ.

“Гадаадад ажиллаж байгаа умард солонгосчуудад хараа хяналтыг зохих ёсоор тавиагүй гэсэн шалтгаанаар өнгөрсөн 5 дугаар сарын 5-нд албаны зургаан хүн, тэдний дотор тагнуулын байгууллагын ажилтнуудыг олон нийтийн өмнө цаазаар авахыг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун тушаасан” гэж “Хулгайлагдсан иргэдийн ар гэрийнхний холбоо”-ны тэргүүн Чой Сён Ён оргон зайлсан хэргийн талаар сайн мэдэх хүмүүсийн ярьсныг иш татан мэдэгдэв.

Дээрх зургаан хүнийг 80 төрийн албан хаагч болон гэр бүлийн гишүүд нь гадаадад ажилладаг 100 хүний өмнө цаазалсан гэж тэрбээр хэлэв.

Хятадын зүүн нутгийн боомт хот болох Нинбо дахь Умард Солонгосын эзэмшлийн ресторанаас энэ оны дөрөвдүгээр сарын эхээр 12 эмэгтэй болон нэг эрэгтэй ажилтан ажлаа орхин зугтаасан юм. Үүнээс сарын дараа Хятадын Шаньси муж дахь Умард Солонгосын ресторанаас гурван эмэгтэй ажилтан Өмнөд Солонгос руу зугтсан ажээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ