“Tesla” өнгөрсөн улиралд хамгийн олон автомашин нийлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-04-04 17:07:27

ВАШИНГТОН. /BBC/. Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани энэ оны эхний улиралд нийлүүлэлтийн олон сорилт тулгарсныг үл харгалзан хамгийн олон автомашин нийлүүлжээ.


Тус компанийн мэдээлснээр, 2021 оны эхний улиралд 310 мянга гаруй автомашин нийлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 70 орчим хувиар өссөн үзүүлэлт болжээ.


“Хятадад коронавирусний халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийг чангатгасан зэрэг олон сорилт тулгарсан “туйлын хүнд улирал” байсан ч нийлүүлэлт өслөө” гэж “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск онцлон тэмдэглэсэн байна.


Tesla”-гийн тайланд дурдсанаар, энэ оны эхний гурван сарын хугацаанд 310 048 автомашин нийлүүлсэн бол өмнөх оны мөн үед энэ үзүүлэлт нь 184 800 байсан юм. Энэ онд нийлүүлсэн автомашинуудын дийлэнх нь “Model 3”, “Model Y” загварууд байжээ.


Дэлхийн хамгийн үнэ цэнтэй автомашин үйлдвэрлэгч “Tesla” эхний улирлын санхүүгийн дэлгэрэнгүй тайлангаа дөрөвдүгээр сарын 20-нд танилцуулах төлөвтэй байна. Тус компани нь өнгөрсөн онд түүхэндээ хамгийн их буюу 5.5 тэрбум ам.долларын орлого олсон билээ. 

Холбоотой мэдээ