Хуурамч дуудлага өгсөн эмэгтэйг гурван сарын хорих ялаар шийтгэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-07-29 13:14:32

ЖЕНЕВ./France Presse/. Женев хотын нисэх онгоцны буудалд тэсрэх бөмбөг тавьсан гэх хуурамч мэдээллийг телефон утсаар өгсөн Францын Анси хотын оршин суугч 41 настай эмэгтэйд 3 сар шоронд хорих ял оноожээ.

Лхагва гарагт уг эмэгтэй  дуудлага өгсний дараа цагдаа нар зорчигчдын баримт бичгийг шалгах нүсэр ажиллагаа явуулснаар олон мянган хүний өдөр тутмын ажил төрөлд асар их төвөг бэрхшээл учруулсан аж. 

Буруутан эмэгтэй Женев хотын ойролцоох Швейцарийн гаалийн хэсэг рүү утасдаж “хоёр хүүхдээ дагуулсан нэгэн эмэгтэй нисэх онгоцны буудал руу тэсрэх бөмбөг нэвтрүүлэх гэж байна” гэжээ. Тэрбээр дугаараа нууцалсан байсан боловч Женевийн прокурорын газар дугаарыг илрүүлсэн байна. Ингээд Швейцарийн талын хүсэлтээр Францын цагдаа нар дуудлага өгсөн эмэгтэйн гэрт нэгжлэг хийжээ. Энэ үеэр эмэгтэй ярихдаа “нөхрийнхөө нууц амрагт өширхсөндөө ийм үйлдэл хийсэн” гэдгээ хүлээсэн байна.  “Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Утсаар ярьсны улмаас ийм явдал болно гэж үнэндээ бодсонгүй” гэж тэрбээр ярьжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Эрик Майо шүүгдэгч эмэгтэйд хандан хэлэхдээ “нөхрөө хардсанаас болж 13 мянган хүнийг түгшүүрт автуулсан гэдгээ төсөөлөөд үз дээ” гэсэн байна.

Цагдаа нар зорчигчдын бичиг баримтыг шалгах үеэр нисэх буудлын орчимд автомашины түгжрэл үүссэн нь Женев хотын дундуур дайран гардаг хурдны зам дээр хөдөлгөөн саатахад хүргэжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ