Булган аймгийн ИТХ хоёр хороо нэмж байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-04-05 19:34:51

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ хурлын байгууллагын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангах зорилгоор долоон хороо байгууллаа. Аймгийн ИТХ эрх зүй, нутгийн удирдлага, хүний хөгжил, байгаль орчин, экологи,  эдийн засаг, хөдөөгийн хөгжлийн гэсэн таван хороотой байсан юм. Түүний зарим чиг үүргийг өөрчлөн хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороо, ёс зүйн хороог шинээр байгуулаад байна.

ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд ажиллах хороонд төлөөлөгчдийг хорооны гишүүнээр давхар харьяалуулахгүй байх чиглэл баримтлан нэг төлөөлөгч, нэг хороонд харьяалагдан ажиллах нь эрхлэх асуудлын чиглэлийн дагуу тогтвортой, цэгцтэй бодлого гаргаж хэрэгжүүлэх, хорооны ажлыг цалгардуулахгүй байх нэг боломж гэж үзсэн байна. Хорооны гишүүд, түүний удирдах бүрэлдэхүүнд Жендерийн тэгш байдлыг хангах зарчмыг баримтлах, ёс зүйн хорооны бүрэлдэхүүнд Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь нам эвслийн төлөөллийг бүрэн хамруулах, орон нутагт нийгмийн шударга ёсыг хэрэгжүүлэх туршлага, манлайлах чадвараар илүү төлөөлөгчдөөс бүрдүүлэх зарчмыг удирдлага болгон сонгоно гэсэн тусгайлан заажээ.

Хүний хөгжлийн хороонд цахим бодлогын асуудлыг хариуцуулахаар инноваци, цахим бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хорооны эрхлэх асуудалд хот байгуулалт, архитектур барилгажилт, аймгийн инженерийн шугам сүлжээ,  дулаан хангамж түлш эрчим хүчний бодлого, гэр хорооллын төлөвлөлт, шинэ суурьшлын бүсийн асуудал,  хот тосгоны эрүүл ахуй, хог хаягдлын менежмент,  хот тохижилт зэрэг чиглэлийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлийг тусгалаа гэж аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.

Ёс зүйн төлөөлөгчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангах, төлөөлөгчийн ёс зүйтэй холбоотой гомдол, маргааныг хянан шийдвэрлэх гол асуудлыг эрхлэх аж.

Холбоотой мэдээ