Багийн иргэд спорт тоглоомын талбайтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-07-29 13:42:12

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Хонгор морьт”-ын 1 дүгээр багт спорт тоглоомын талбай нээлтээ хийлээ.

Нэгдүгээр багийн иргэдэд зориулсан 3 га газар бүхий амралт, чөлөөт цагийн иж бүрэн байгууламжийн эхний бүтээн байгуулалт болох гар бөмбөг, сагсан бөмбөгийн 4 шиттэй спорт тоглоомын талбай өнөөдөр албан ёсоор ашиглалтад орлоо. Уг үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг дарга Ш.Оргил, 1 дүгээр багийн Засаг дарга н.Амгалан, багийн намын үүрийн дарга М.Суурьбат нар оролцлоо. Тус талбай нь 25 сая төгрөгийн өртөгтэйгээр аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа юм. Цаашид энэ талбайд Сүхбаатар сумын төсвийн 45 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бусад тохижилтын ажлууд хийгдэх ажээ.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил:

”Спорт тогтлоомын талбай бүхий цогцолбортой болж байгаа та бүхэндээ баяр хүргэе. Нутгийн та бүхэн минь цаашдаа энэ хийж буй ажлуудаа дэмжээд, аймаг, орон нутгаасаа хийж байгаа ажилдаа санаачилгатай оролцоорой” гэв.

Аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа: ”Энэ сайхан бүтээн байгуулалтыг хийж өгсөн барилгачиддаа баярлалаа. Та бүхэндээ энэ сайхан талбай дээрээ ирж тоглон наадаж, зугаалж байхыг хүсье” гэлээ.  

Тус багийн Засаг дарга н.Амгалан иргэддээ хандаж хэлсэн үгэндээ энэхүү барьж байгаа бүтээн байгуулалтадаа талархаж байгаагаа илэрхийлээд ариг гамтай, эзний ёсоор хандаж, хайрлан хамгаалж байхыг хичээнгүйлэн захив. Мөн тэрээр манай баг дээр хөрөнгө оруулалтын олон ажлыг хийж байна. Багийн маань хөгжил өдрөөс өдөрт тэлж байна” хэмээн онцолсон.  

Нээлтийн үйл ажиллагааны үеэр иргэдийн дунд сугалаа явуулахад хоёр хүүхэд сагсан бөмбөг, гар бөмбөг хожиж азтай хүүхдээр тодорлоо.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ