Төрийн албан хаагчид Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас туршлага судаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Тус аймаг 2022 онд “Цахим аймаг” болох зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд
“Төрийн үйлчилгээний цахим төв”-тэй болох ажлыг эхлүүлээд байгаа юм.
Тиймээс
туршлага судлах ажлын багийн гишүүд аймгуудын “Төрийн үйлчилгээний нэгдсэн
төв”-ийн үйл ажиллагаатай танилцаад ирлээ. Ажлын баг Дархан-Уул, Орхон,
Сэлэнгэ аймагт долоо хоногийн хугацаатай ажиллаж туршлага солилцлоо. Энэ
үеэр тухайн аймгуудын дэд бүтэц төлөвлөлт, хот зохион байгуулалт, хөгжлийн
ерөнхий төлөвлөгөө, төрийн захиргааны манлайлал, хүний нөөцийн төлөвлөлт. Монгол
Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний төлөвлөлт, хог хаягдлыг шийдвэрлэсэн байдал зэрэг өргөн хүрээнд харилцан туршлага
солилцлоо гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Дэд бүтэц сайн хөгжсөн, цахим засаглалыг хөгжүүлэх тал дээр тодорхой туршлага хуримтлуулсан аймгуудын үйл ажиллагаатай танилцсанаар цаашид ард иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, илүү хүртээмжтэй, чанартай, шуурхай ажиллахад түлхэц болох юм.
Тухайлбал, Дархан-Уул аймаг 2009-2012, 2013-2016 онд “Е-Darkhan” дэд
хөтөлбөр, 2017-2020 онд “Ухаалаг Дархан” дэд хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлжээ.
Мөн цахим үйлчилгээний нэгдсэн портал (e-mongolia.mn)-д төрийн 89 үйлчилгээг
шилжүүлсэн байна. Төрийн байгууллагуудын нэгдсэн лавлахтай болсноор түгээмэл
асуултад автомат хариулагч холбож, оператор ажиллуулж байгаа аж. Харин Орхон аймаг нь “Төрийн үйлчилгээний
төв”-ийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, хоёр оператор төрийн үйлчилгээг
хүргэхээс гадна “Мэдээлэл, шуурхай удирдлагын төв” нь аймгийн хэмжээний цахим
хяналтыг тавьж байна. Түүнчлэн “E-office” албан хэрэг хөтлөлтийн программыг
төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууддаа нэвтрүүлжээ. Аймгийн ЗДТГ-ын
байрны нэг буланг амрах хэсэг болгон тохижуулж, спорт заал, фитнес зэргийг
тогтмол ажиллуулснаар ажилчдынхаа чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд
онцгой анхаарч байгаа гэлээ. Мөн 2017 оноос “Хүүхдийн өрөө”-г тохижуулсан
бөгөөд үйлчилгээний ажилчид ээлжээр хүүхдийг харж, хяналт тавих, хооллох
үүргийг гүйцэтгэснээр бага насны хүүхэдтэй албан хаагчдаа амар тайван ажлаа
хийх боломжоор хангажээ.
Манай аймгийн төрийн албан хаагчид ч энэ туршлагыг
хэрэгжүүлэхэд болохгүй зүйл үгүй. Мөн ажлын цагаа өглөөний 08:00 цагаас
эхлүүлж, цайны цагийг 12.00-14.00 цаг буюу хоёр цагийн хугацаатай болгосон нь
анхаарал татахуйц туршлага байв. Булган аймагт хэрэгжиж буй “Шинэ сум
төсөл”-тэй хамтран ажиллах уулзалтыг Орхон аймагт зохион байгуулж төслийн ололт
амжилт, цаашид аймагтаа хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар мэдээлэл сонсож,
санал солилцлоо.
Аймгуудын сайн туршлагыг орон
нутагтаа ажил
хэрэг болгоно
“Эрдэнэт
шинжлэх ухаан, технологийн парк”-ийн захирал энэ
сард Завхан аймагт ирж ажиллана.
Завхан аймгийн туршлага судлах ажлын багийнхан Орхон аймагт ажиллах үеэрээ тус аймгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тэр дундаа “Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк” ОНӨҮГ-ын үйл ажиллагаа болон шинээр туршин нэвтрүүлж буй хатуу хог хаягдал боловсруулах төсөл, гагнуурын электродын үйлдвэр, эко будгийн үйлдвэртэй танилцсан юм. Ингээд тус паркийн захирал Г.Энхбаярыг аймагтаа урьж, хатуу хог хаягдал боловсруулах арга туршлагын талаар сургалт мэдээлэл авахаар боллоо. Мөн Дархан-Уул аймаг айл өрхийнхөө хог хаягдлыг хашаа бүрээс бус гудамжны нэг өнцгөөс тодорхой хугацаанд ачиж тээвэрлэдэг арга туршлагыг сонсож ирээд байна.
Дарханчууд залуу гэр бүлийг
дэмжих зорилгоор орон сууцны хорооллын төлөвлөлт хийж, газар доорх инженерийн
шугам сүлжээг төрөөс гүйцэтгэж байгаагаас гадна ашиглалтын хугацаа дууссан орон
сууцны барилгуудыг дахин төлөвлөлтөд оруулжээ. “Ургамал газар тариалангийн
хүрээлэн”-г түшиглэн шилмэл сортын үр үйлдвэрлэгч болохоор ажиллаж буй туршлагаасаа
ажлын багтай хуваалцсан нь шинэ бөгөөд хэрэгцээтэй мэдээлэл байв.
Харин Сэлэнгэ аймаг нь “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг “Сэлэнгэ” олон улсын худалдааны төвдөө байрлуулан найман байгууллагын 22 үйлчилгээг иргэдэд цахим хэлбэрээр хүргэн ажиллаж байна. 18 суманд төрийн үйлчилгээний оператор ажиллуулж байгаа бөгөөд энэ онд аймгийн 200 гаруй үйлчилгээг E-Mongolia-д холбох зорилтыг дэвшүүлжээ. Төрийн үйлчилгээний төвдөө эрх зүйн хөтчийн булан ажиллуулж, иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээллийг тогтмол хүргэдэг, иргэдээс сэтгэл ханамжийн судалгааг сар бүр авдаг зэрэг туршлага болохуйц шинэ санаанууд олон байлаа. Завхан аймгийн Засаг даргын захирамжаар томилогдож дээрх аймгуудад очиж туршлага судалсан ажлын баг энэ онд сайн туршлагуудыг орон нутагтаа хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж эхэллээ гэж аймгийн ЗДТГ-аас тус тус мэдээлэл өглөө. Ташрамд дээрх аймгуудад туршлага солилцох арга хэмжээний хүрээнд нутгийн зөвлөлийн уулзалт, “Завхан нутаг-Бидний бахархал” урлагийн тоглолтыг тус тус зохион байгуулжээ.