ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ 2022: Л.Оюун-Эрдэнэ: Шинэ сэргэлтийн бодлогоор ДНБ-ийг богино хугацаанд гурав дахин тэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2022-04-07 10:32:21
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий “Монголын эдийн засгийн чуулган-2022” өнөөдөр эхэллээ. 


Хоёр өдөр үргэлжлэх уг чуулганаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулна. "Шинэ сэргэлтийн бодлого" нь төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.


Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, цар тахлын улмаас хоёр жилийн хугацаанд зохион байгуулаагүй Монголын эдийн засгийн чуулган эргэн ирж буйг тодотгов. Тэрбээр, Монгол Улс цар тахлын шар түвшинд шилжиж, гадаадын жуулчдад нээлттэй улс болсноо зарлаж, алхам алхмаар эдийн засгаа нээн энгийн амьдралд шилжиж байгаагаа мэдэгдэж байснаа эргэн сануулав. Харамсалтай нь, түүнээс 10 хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 24-нөөс ОХУ, Украины хооронд хурцадмал байдал үүссэн. Энэ нь Дэлхийн банк, ОУВС-гаас дэлхийн эдийн засаг 4.3 хувиар өснө гэсэн тооцооллыг 3.5 хувь болгох тооцоо гарсныг тэмдэглэв.

ОХУ, Украины зэвсэгт мөргөлдөөнөөс улбаатай ОХУ-ын 350 тэрбум ам.долларын нөөцтэй тэнцэхүйц валют, алтны нөөц царцсан. Үүнээс үүдэж хөрш орон руу хилээр валют  хурдтай урсан гарах нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна.

Энэ үйл явдлын улмаас сүүлийн 10 гаруй хоногт дэлхийн нийт хүн амын хэрэглээний 41-50 хувийг эзэлдэг улаанбуудайн үнэ 45-50 хувь нэмэгдэж, газрын тосны бүтээгдэхүүний үнэ 50 хувиас өссөн. НҮБ-ын тооцоогоор, дэлхийд хүнсний хомсдол үүсэж, энэ байдал даамжирвал 8-13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй байна. Цар тахлын болон хямралт нөхцөл байдлаас үүдэж Монгол Улсын инфляц 14.3 хувьд хүрсэн. Инфляцын 50 хувийг эзэлдэг мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний үнэд Засгийн газраас бодлогын арга хэмжээ авах шаардлагатай гэж үзсэнийг Ерөнхий сайд тодотгов. 


Цар тахлын үед манай улсын эдийн засаг 1992 оноос хойш анх удаа хасах баланс руу 5.3 хувь унасан ч 2022 оны нэгдүгээр улиралд 1.4 хувийн өсөлттэй гарсан байна. Нүүрс, алт, зэс зэрэг экспортын бүтээгдэхүүнийг гаргахад БНХАУ-д өрнөж буй цар тахлын давалгааны оргил үе нөлөөлнө гэж үзэж байгааг дурдав. 


Монгол Улсын Засгийн газар Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр, 64 мянган бизнес эрхлэгчид 4.73 их наядын зээл олгосон нь эдийн засаг сэргэх боломж бүрдүүлсэн.

Цар тахлын хариу арга хэмжээнд зориулж хүүхдийн мөнгийг нэмэхэд 1.3 их наяд, хатуу хөл хорионы үед иргэн бүрд 300 мянган төгрөг, вакцины урамшуулал 50 мянган төгрөг олгосноор 1.1 их наяд, цахилгаан, дулаан, хог, усны төлбөрийг чөлөөлөхөд 1.1 их наяд төгрөг, НДШ-ээс чөлөөлөхөд 1.3 их наяд, нийт 4.8 их наяд төгрөг зарцуулжээ.

Түүнчлэн ахмадын тэтгэврийг нэмсэн зэрэг арга хэмжээ нь Засгийн газарт хүнд ачаа болж ирснийг тодотгов. Гэхдээ Монгол Улс цар тахлыг хохирол багатай давсан улс орнуудын жагсаалтад байгааг онцлоод, цаашид эдийн засгаа сэргээх Шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулав. 


"Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2030 он хүртэл хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг шийдвэрлэхээр судлаачид тодорхойлжээ. Тодруулбал, боомт, эрчим хүч, аж үйлдвэр, хот, хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжил, төрийн бүтээмжийнг сэргэлт гэсэн зургаан хүчин зүйлийн хязгаарлагч хүчин зүйлийг шийдвэрлэнэ.


  • Боомтын гацаа: Монгол Улсын экспортын 90 хувь нь гурван гарцаар гарч байна. Импортын хамаарал нь хоёр боомт бөгөөд ДНБ-нд эзлэх тээвэр, ложистикийн зардал 26 хувь байна. 
  • Эрчим хүчний дутагдал: Дотоодын үйлдвэрлэл 80 хувь, импорт 20 хувь байгаа бөгөөд төвлөрсөн дулаан хангамжийн ачаалал 118 хувьд хүрсэн. Импортод жил бүр 140 сая ам.доллар зарцуулдаг. 
  • Хот хөдөөгийн тэнцвэргүй хөгжил: Нийслэлд хөдөлгөөнд оролцож буй автомашины дундаж хурд оргил ачааллын үед 8.9 км/ц. Улаанбаатарт жил бүр 40 мянга гаруй хүн шилжин суурьшиж байна. 
  • Аж үйлдвэрийн дутагдал: Нэмүү өртөг шингээгүй түүхий эдийн экспорт их. Экспортод гарч буй боловсруулаагүй бүтээгдэхүүн 90 хувийг эзэлдэг. Жил бүр 15 сая ширхэг боловсруулаагүй арьс, шир хаягдаж байна. 
  • Байгалийн нөөцийн доройтол: Говийн бүсийн үйлдвэрүүдийн усны хэрэгцээний өсөлт гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна. Монгол Улсын хөрсний 76.9 хувь нь цөлжиж доройтсон. 
  • Үр ашиггүй төрийн бүтээмж: Төрөөс олгодог зөвшөөрөл 1000 гаруй, Төрийн өмчит компани, орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын тоо 459 байгаа бөгөөд авлигын индекс өндөр байгаа юм. 
Монгол Улсын эдийн засаг 2017- 2021 оны дундаж үзүүлэлтээр, ДНБ 36 их наяд төгрөг, улсын нэгдсэн төсвийн зардал 11.9 их наяд төгрөг байв. Үүнээс 80 хувийг нь урсгал зардалд, хөрөнгө оруулалтад 20 хувийг зарцуулж байгаа юм. ДНБ-ийг богино хугацаанд 120-150 их наяд болгож тэлэх нь Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн агуулга гэдгийг Ерөнхий сайд онцлов.

Олон улсын геополитикийн амаргүй нөхцөлд өргөн хэрэглээний барааны үнэ өсөж байгаа ч 2030, 2050 он хүртэлх зорилгоо 3-4 жилийн хугацаанд товчилж хэрэгжүүлэх боломжийг Шинэ сэргэлтийн бодлого олгоно гэлээ. Энэ бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Эдийн засгийн чуулган болж буй нь түүхэнд тодоор үлдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, Шинэ сэргэлтийн бодлогын зургаан хөгжлийн төлөвлөгөөг танилцууллаа. 


Нэгдүгээрт. Боомтын сэргэлтийн тухай


Засгийн газраас Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлэх зорилт тавьжээ.  Ингэснээр 5600 орчим километр урттай үндэсний төмөр замын сүлжээ бий болж, цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлж буй “Транзит Монгол Улс” болох суурь нөхцөл бүрдэх юм. Өөрөөр хэлбэл,  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг үе шаттайгаар сайжруулах зорилтууд багтаж байна. Хилийн боомтуудыг хурдны замаар холбох ажлыг Алтанбулаг-Замын-Үүд боомтуудыг холбосон 987 километр хурдны замыг барихаас эхлэх аж.


Хоёрдугаарт. Эрчим хүчний сэргэлтийн тухай


Монгол Улс эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагаддаг. Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дуусчээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам барьж байгуулах зорилт дэвшүүлж байна. ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой барих бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж байна. Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгой, Багануур, Чойбалсангийн Дулааны цахилгаан станц, Амгалан цахилгаан станц зэрэг эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудаа цаг алдалгүй дуусгаж, ашиглалтад оруулах нь эрчээ алдсан эрчим хүчний салбар эргэн сэргэхэд чухал ач холбогдолтой.


Гуравдугаарт. Аж үйлдвэржилтийн сэргэлтийн тухай


Монгол Улс байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас худалдан авч байгаа нь аж үйлдвэржилтийн бодлого алдагдсаны гашуун сургамж юм. Мал аж ахуйн орон атлаа жилд 15 сая арьс ширийг боловсруулж чадалгүй хаяж байна.

Монгол Улс зэсээ баяжуулж, нүүрсээ угааж, алтаа цэвэршүүлж, газрын тосоо боловсруулж, дотоодын хүнсээ хангаж, түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болох Аж үйлдвэржилтийн сэргэлт бол эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын суурь баталгаа болно. 


Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулна. Ган болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр бол аж үйлдвэржилтийн сэргэлтийн суурь цөм юм. Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр болон Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэрүүд барьж, ашиглалтад оруулна. Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр болон татан авах дэд төвүүдийг байгуулах ажлыг зохион байгуулна. Газрын тос боловсруулах үйлдвэрээ цаг алдалгүй ашиглалтад оруулж, бензин шатахуунаа дотооддоо үйлдвэрлэдэг болох нь эдийн засгийн бие даасан байдлын чухал зорилтуудын нэг юм.


Дөрөвдүгээрт. Хот, хөдөөгийн сэргэлтийн тухай


Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт жагсдаг. Гэтэл өнөөдөр нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байна. 

Их, дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, нийт хадгаламжийн 81 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нийслэлд төвлөрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг Улаанбаатар хот дангаараа үйлдвэрлэж байна. Жил бүр дунджаар нэг аймгийн оршин суугчидтай дүйцэх хэмжээний хүн ам нийслэлд шилжин суурьшиж, 70-80 мянга гаруй автомашин шинээр замын хөдөлгөөнд нэмэгдэн орж байна. Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.4 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж, үүнээс шалтгаалсан алдагдсан боломжийн өртөг сүүлийн арван жилд 11.8 их наяд төгрөг болжээ.


"Улаанбаатар хотын түгжрэл бол өнгөрсөн 30 жилийн улс төрийн хэт тогтворгүй байдал, шат дараалсан олон сонгуулийн хийрхэл, асуудалд өнөө маргаашаа аргацааж, гал унтраах байдлаар хандаж ирсэн хандлага, тооцоо судалгаагүй популист шийдвэр, авлигад идэгдсэн албан тушаалтнуудын арчаагүй, хариуцлагагүй байдлын төлөөс" гэдгийг Ерөнхий сайд онцлов. 


Нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхэд улсын төсвөөс анх удаа 420 тэрбум төгрөг шийдвэрлэсэн. Тиймээс Улаанбаатар хотын нийтийн тээврийг бүрэн шинэчилж, тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг гурван чиглэлд 41 километр зайд барих ажлыг эхлүүлж, эхний шугамыг 2024 онд багтаан дуусгахаар төлөвлөж байна. Богдхан уулыг тойрсон 136 километр төмөр замыг шинээр байгуулна. Богдхан төмөр зам баригдсанаар Улаанбаатар хотын дундуур нэвтрэн өнгөрдөг төмөр замын ачаалал 50 хувиар буурч, нийслэлийн төвд байрлах тээвэр логистикийн болон худалдааны томоохон төвүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх суурь нөхцөл бүрдүүлнэ.


Тавдугаарт. Ногоон хөгжлийн сэргэлтийн тухай


"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд “Хөх морь” үндэсний хөтөлбөрийг санаачилж, бэлчээрийг усжуулах, говийн бүс нутгийг усаар хангах, саарал усыг дахин боловсруулах, нуур цөөрөм үүсгэх, ширгэсэн гол, мөрөн, булаг, шандыг сэргээхэд чиглэсэн ажлыг цаг алдалгүй өрнүүлнэ.  Цөлжилт, бэлчээрийн доройтол, хүн малын ундны усны нөөц шавхагдсан нь малчдыг хэдэн аймаг дамжсан отор нүүдэл хийх, нийслэл хот руу шилжин суурьших гол шалтгаануудын нэг болж байна. Нийслэл Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хог хаягдал дахин боловсруулах байгальд ээлтэй шинэ технологийн үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулах шаардлагатай.


Зургадугаарт. Төрийн бүтээмжийн сэргэлтийн тухай


Ид бүтээн байгуулалт урин цагт эхэлдэг, улирлын онцлогтой. Гэтэл Монгол Улсын төсөв арваннэгдүгээр сард батлагдан, төсвийн жил нэгдүгээр сард эхэлдэг. Тендер, сонгон шалгаруулалт, шүүхийн маргаан, бүх шатны шүүхээр заргалдсаар гэрээ ч байгуулж чадалгүй намартай золгодог. Тиймээс төрийн бүтээмжийг сайжруулахын тулд Цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, 2024 он гэхэд төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50-иас доошгүй хувиар бууруулахаар тус хөтөлбөрт тусгажээ.


Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг 2022 оны төсвийн жилээс эхлүүлэхээр төлөвлөж байна. Авлигатай хийх тэмцлийг улам эрчимжүүлнэ. Монгол Улс авлигын индексээр дэлхийд 111 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавин, хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулахаар тусгажээ. 


Шинэ сэргэлтийн бодлого бүрэн хэрэгжсэнээр, ДНБ 2021 онд 43 их наяд байсан бол 2030 он гэхэд гурав дахин нэмэгдэж 120-150 их наяд, нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4520 доллар байсан бол 10 жилийн дараа 12 мянган долларт хүргэхээр зорьж байна. Төр дангаараа бүхнийг бүтээж чадахгүй. Хувийн хэвшилд ашигтай төслүүдэд төр оролцохгүй. Харин  хязгаарлагч хүчин зүйлсүүдийг нь шийдвэрлэхэд төр дэмжлэг үзүүлнэ. Бусдаар иргэд, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид энэ бүх төсөл, арга хэмжээг бодит хэрэг ажил болгоно гэлээ.


"Энэ удаагийн эдийн засгийн чуулганаас зөвлөмж, уриалга гаргахгүй, 10 гол ажлыг хэлэлцэж гаргая. Дараа жилийн эдийн засгийн чуулганаар арван ажлынхаа үр дүнг харъя. Ингэж чадвал томоохон дэвшил, бүтээлч үр  дүн болно" гэж Ерөнхий сайд уриалаад чуулганд амжилт хүслээ.


Ташрамд дурдахад, “Монголын эдийн засгийн форум-2022”-ыг угтаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тухайлбал, “Эрчим хүчний сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт” хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 21, 22-нд болсон. Улмаар өнгөрсөн сарын 24-нд "Аж үйлдвэржилтийн сэргэлт" сэдвээр УУХҮЯ, 25-нд "Хот хөдөөгийн сэргэлт" сэдвээр НЗДТГ болон холбогдох яамд, 28-нд "Боомтын сэргэлт" сэдвээр Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ. Харин хамгийн сүүлд буюу өнгөрсөн сарын 29-30-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ыг зохион байгуулсан юм.

Холбоотой мэдээ