Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар ашигт малтмал олборлохыг завдсан зөрчлийг таслан зогсоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-04-07 10:59:14

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Тонхил сумын Төрийн тахилгат Сутай хайрхан уулын улсын тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар ашигт малтмал олборлохыг завдсан зөрчлийг сумын Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар болон Дотоодын цэргийн албатай хамтран байнгын эргүүл гарган ажиллаж, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоосон байна. 

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газар хамтран нөлөөлийн бүсэд нутаглаж буй малчин өрхүүдэд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Зөрчлийн болон Эрүүгийн хуулийг сурталчлан, өрх бүр-байгаль хамгаалагч байж иргэнийхээ журамт үүргийг биелүүлж байгаль орчин, бэлчээр, нутаг усаа төрийн байгууллагуудтай хамтран хамгаалах чиглэлээр нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж уриалан ажиллаж байна.

Нөлөөллийн бүсээс байгаль хамгаалах үйл хэрэгт хамтран ажиллах иргэдэд идэвхтэн байгаль хамгаалагчийн үнэмлэх тэмдэг олгон үүрэгжүүлж ажиллаж байгаа ба нутгийн иргэд нэгдэн байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнийг өрнүүлэн хамтран ажиллахаар боллоо хэмээн аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ