Цахим виз мэдүүлсэн гадаадын иргэдийн тоо хоёр дахин нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
khandmaa@montsame.gov.mn
2022-04-07 17:02:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Evisa.mn цахим системээр өнгөрсөн сард 26 улсын 222 иргэнд цахим виз олгожээ. Энэ нь хоёрдугаар сарынхтай харьцуулахад хоёр дахин их тоон үзүүлэлт гэдгийг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.


Монгол Улсыг зорих гадаадын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор цахим визийн системийг 2021 оны 10-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж, дэлхийн 36 улсын иргэдэд цахим виз олгож байна.


Гадаадын иргэн цахим виз мэдүүлэхдээ evisa.mn сайтад хандан, визийн мэдүүлгийг үнэн зөв, бүрэн бөглөж, төлбөрөө төлснөөр цахим визийн хүсэлт илгээгдэх юм. Хүсэлтийг 72 цагийн хугацаанд шийдвэрлэж, зөвшөөрөгдсөн тохиолдолд тухайн иргэний мэдээллийг агуулсан QR код хэлбэртэй цахим виз тухайн иргэний цахим шуудангаар хүргэгдэх аж. Гадаадын иргэн нь цахим визийг хэвлэмэл байдлаар болон ухаалаг төхөөрөмж дээр паспортын хамт биедээ авч явах ба хилийн боомт дээр уншуулж Монгол Улсад нэвтрэх эрхтэй болох юм.


Ташрамд дурдахад, шинэчлэн баталсан “Монгол Улсын виз олгох журам”-аар гадаадын иргэдэд 64 ангиллын виз олгож байгаа бөгөөд үүнээс аялал жуулчлал /К2/, спорт, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцох /К4/, дамжин өнгөрөх /К6/ ангиллын визийг Монгол Улс цахимаар олгож байна. 



БОАЖЯ-ны санаачилгаар өнгөрсөн сард зохион байгуулсан “Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд мэдэгдэхдээ, "ГХЯ-ны хувьд дэлхийн улс орнуудын сайн жишгийг үндэслэн Монгол Улсыг зорих гадаадын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа"-г тодотгоод, гадаадын нийт 25 улсын энгийн паспорттай иргэд, 63 улсын дипломат, албан паспорттай иргэд манай улсад визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж, мөн Монгол Улс, БНХАУ-ын хооронд олон жил ярьж ирсэн, хил орчмын нутаг дэвсгэрээр жуулчлах иргэдэд зориулсан 3 хоногийн хугацаатай К3 ангиллын визийг бий болгосон тухай дурдаж байсан юм. 

 

Холбоотой мэдээ