Цахим засаглалыг хөгжүүлэхэд Эстонитой хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-04-08 07:58:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам Эстони улсын Цахим Засаглалын академи хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.


Санамж бичигт Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Эстони улсын Цахим Засаглалын академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток нар гарын үсэг зурав.


Санамж бичиг байгуулснаар дараах чиглэлд талууд хамтран ажиллана: Үүнд


-Цахим засаглалын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, түүний дотор төрийн алба хаагчдын цахим ур чадварыг сайжруулах

-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах

-Шинэ, шинэлэг, дэвшилтэд технологийг нэвтрүүлэхэд туршлага солилцох,

-Дижитал шилжилтийн стратеги болон цахим засаглалын зохицуулалтын загвар зэргийг боловсруулахад дэмжих

-Кибер аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийг чадавхыг сайжруулах

-Мэдээллийн технологи, программ хангэамжийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй компаниудыг аутсорсинг хийхэд дэмжлэг үзүүлэх чиглэлд тус, тус хамтран ажиллахаар тохиролцов.


Эстонийн Цахим Засаглалын академи нь 2002 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дэлхийн 130 гаруй улсын 230 гаруй байгууллагатай хамтран ажилладаг. Тус байгууллага нь цахим засаглал, цахим ардчилал, кибер аюулгүй байдал болон нээлттэй нийгмийн төлөө мэдлэг, чадвар, шилдэг туршлага бий болгох, түгээн дэлгэрүүлэх зориулго бүхий сургалт, судалгааны байгуулага юм.

Холбоотой мэдээ