ЕТГ-ын дарга Я.Содбаатар Баян-Өлгий аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-04-12 14:11:53

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Т.Аубакир, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин,  аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж нар өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Төр засгийн төлөөлөгчид Өлгий хотын Хөгжимт драмын театрт болсон аймаг болон сумдын удирдлагууд, газар тариалан, ойн аж ахуй эрхлэгчид, байгаль хамгаалагчид, эко клубийн багш нарын "Тэрбум мод" зөвлөгөөнд оролцлоо.

ЕТГ-ын дарга Я.Содбаатар зөвлөгөөнд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэхдээ, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсэхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд Монгол Улсын оруулах томоохон хувь нэмэр болохыг, мөн эко системээ сэргээх, эдийн засгийн аргаар цөлжилттэй тэмцэх, ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах, амьдралын чанарыг сайжруулах зэрэг байгаль орчин, нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтойг онцоллоо.

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд тус аймагт хийх ажлуудын талаар мэдээлэл өгөв. Засаг дарга танилцуулгадаа ойг нөхөн сэргээх, ойн зурвас байгуулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, Сум дундын ойн ангийн Мод үржүүлгийн талбайг дэмжих, шинээр 4 мод үржүүлгийн талбай байгуулах замаар 20 сая ширхэг мод тарих, улмаар аймгийн ойн сангийн талбайг 0,8 хувиар нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгааг танилцууллаа.


Мөн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, инженерийн шугам сүлжээтэй уялдуулан хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн, таримал ойн төглийг 114 га талбайд шинээр байгуулна гэв. Түүнчлэн иргэдийн санал санаачилгын хүрээнд 300 га талбайд 900 мянган ширхэг жимс, жимсгэнийн мод тарьж, ойн төгөл бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгааг хэллээ.

Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү Монгол Улсын ойжуулалт, нөхөн сэргээлтийн судалгааны үр дүнг зөвлөгөөнд оролцогчдод танилцууллаа. Тэрээр хэлсэн үгэндээ, "Монгол Улсад газар доройтон, цөлжилт эрчимтэй явагдаж байна. Нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь цөлжилтөд өртсөн байдалтай байгаа. Цөлжилтийг сааруулах, бууруулахын тулд эрдэмтэн судлаачид зүгээр суугаагүй. Энэ хүрээнд хийсэн ажлуудыг эргэн санаж, түүн дээр тулгуурлан мод тарих ажлуудыг төлөвлөх боломжтой. Мод тарих ажлын хажуугаар бэлчээрийн аж ахуйтай орон гэдэг утгаар бэлчээрийг хамгаалах асуудлыг орхигдуулж болохгүй" хэмээн санууллаа.

Зөвлөгөөнд оролцогчид "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлэн зөвлөмж гаргав.

Зөвлөмжид аймагт мод тарихад зориулж жилд 1 тэрбумаас доошгүй төгрөгийг төсөвт суулгаж байх, ойн салбарын зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх, ойн мэргэжилтэн бэлтгэх мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, коллеж, их, дээд сургуулиудын хөтөлбөрийг харилцан уялдаатай болгох, сум, суурин бүрд гурваас доошгүй ойжуулагч байхаар тооцож 2022 онд багтаан 100 мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мод үржүүлгийн зориулалтаар ашиглах газрыг газрын төлбөрөөс чөлөөлөх, ногоон байгууламжийн асуудлыг хот, суурийн газрын төлөвлөлт, хөгжлийн хэтийн төлөвлөгөөтэй уялдуулан зураг төслийн дагуу хэрэгжүүлэх зэрэг асуудлуудыг тусгасан байна.  

Холбоотой мэдээ