Өнгөрсөн оны ургацаас 22.4 мянган тонн хүнсний буудайг худалдан авч нөөц бүрдүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-04-13 17:28:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” үндэсний чуулган өнөөдөр эхэлсэн. Чуулганы хүрээн дэх эхний зөвлөгөөн үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд өрнөж өндөрлөлөө. Зөвлөгөөн болон чуулган төр, засгаас ХАА-н салбарын хөгжлийг дэмжих зорилгоор 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргаж буй цаг үетэй давхцан болж буйг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан онцолж байв.

Тэрээр, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд 100 тэрбум, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, хүлэмжийн тариалан, хадгалалт, борлуулалтын аж ахуй эрхлэгч нарт 50 тэрбум, гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийн зээлийг 2  жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй олгохоор шийдвэрлээд буйг дахин тодотголоо.

Тариаланчдын санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх хүрээнд өнгөрсөн оны ургацаас зах зээлийн эргэлтэд ороогүй, зохих стандарт, журмын шаардлагыг хангаж байгаа 22.4 мянган тонн хүнсний буудайг төр худалдан авч нөөц бүрдүүлэхээр шийдвэрлэж, хэрэгжилтийг зохион байгуулж байна гэв




Хүнсний улаанбуудайн тариалалт, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хүнсний улаанбуудайн тариалалт, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах, борлуулалтад нь дэмжлэг үзүүлэх, нөөц бүрдүүлэх зорилгоор тухайн жилийн ургацаас  хэрэгцээт  улаанбуудайн 30 хүртэл хувь буюу 100 мянган тонн хүнсний улаанбуудайг улс худалдан авч стратегийн нөөц бүрдүүлэх, түүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.  

Мөн энэ хаврын тариалалтад дутагдах 14.5 мянган тонн улаанбуудайн үрийг ХАА-г дэмжих санд бүрдүүлсэн үрийн нөөцөөс гаргаж зохицуулахаар төлөвлөжээ. Тариалангийн үйлдвэрлэлд шаардагдах 22.5 мянган тонн шатахууны үнэ,  хангамжийг тогтвортой хадгалах чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудад санал хүргүүлэн хамтран ажиллаж буйг салбарын сайд дуулгалаа. 



Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүрээнд тариалангийн талбайг хашаажуулах, ойн зурвас байгуулах зорилгоор 415 мянган га тариалангийн талбайг хамруулж 18.4 мянган км хашаа, 9.7 мянган км ойн зурвас байгуулахад 44.6 сая мод тарихаар тооцжээ. Энэ үйл ажиллагаанд 365 тэрбум төгрөг шаардагдаж байгааг уул уурхайн болон тариалангийн ААн-үүдийн хамтын түншлэл, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрөөс санхүүжүүлэхээр төлөвлөж байна.


Өнөөдрийн зөвлөгөөний үеэр Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Ч.Рэнчинсэнгээ Монголын гурил үйлдвэрлэгчдийн холбоо болон рапсын үйлдвэрийн төлөөлөлтэй 2022 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

Холбоотой мэдээ