Аксель Никэйз: Украиныг дэмжих тал дээр бид нэгдмэл байр суурьтай хэвээр байна

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2022-04-13 21:27:39

Украинд явуулж буй Оросын цэргийн түрэмгийллийг Европын Холбооны бүх гишүүн улс эрс шийдвэртэй буруушаахын зэрэгцээ дайныг зогсоохын тулд ОХУ-ын эсрэг 5 багц хориг арга хэмжээ авсан бол одоо 6 дахь багц хоригийг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа ажээ. Украинд үүссэн нөхцөл байдлын талаар Европын Холбоо, түүний гишүүн улсууд ба түнш орнууд болох АНУ, Их Британи, Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр өөрсдийн байр суурийг илэрхийлэхдээ дээрх мэдэгдлийг хийлээ.


Түүнчлэн түрэмгийлэлд хамтран оролцож буй Беларусь улсыг буруушааж байгааг ЕХ-ноос Монгол Улсад суугаа элчин сайд, хатагтай Аксель Никэйз хэвлэлийн хурлыг нээж үг хэлэхдээ мэдэгдэв.

Оросын эзлэн түрэмгийлэгч хүчин олон улсын хууль, олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчиж, Украинд цэргийн гэмт хэрэг үйлдэж буйг Европын хамтын нийгэмлэг буруушааж байна.


Оросын цэргийн ажиллагааг буруушааж, тус улсын эсрэг хориг арга хэмжээ авахын зэрэгцээ ЕХ-ны гишүүн улсууд Украинд цэрэг зэвсгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байгаа бөгөөд цаашид үргэлжлүүлэн туслах болно гэдгээ сайд нар онцлон дурдлаа. Тухайлбал, 2 дугаар сарын 27-ноос хойших хугацаанд холбооны гишүүн орнууд Украины зэвсэгт хүчинд 500 сая еврогийн тусламж үзүүлжээ. Харин 2014 онд хямрал дэгдсэнээс хойш Украинд олгосон тусламж дэмжлэгийн нийт хэмжээ 17 тэрбум евро болж байна. 


Украинд тусламж үзүүлэх, Оросын хориг тогтоох бүх арга хэмжээг АНУ, Их Британи, Канад, Норвег, Өмнөд Солонгос, Япон, Австрали зэрэг холбоотон ба түнш улс орнуудтай нягт уялдуулан зохицуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар хоригт 40 гаруй улс нэгдээд байгааг хатагтай Никэйз дурдлаа. Хоригт нийтдээ Орос ба Беларусийн 877 хувь хүн, 62 аж ахуйн нэгжийг хамруулжээ.  


Багц хоригууд түрэмгийлэгч талд асар их хохирол учруулж байгаагийн зэрэгцээ холбооны гишүүн улсууд, түнш орнуудад багагүй өртөгтэй тусч байна. Тухайлбал, эрчим хүчний хувьд Оросоос ихээхэн хамааралтай ЕХ-ны хувьд дээрх хоригууд хүнд тусаж байна. Энэ хамаарлыг багасгахын тулд:


-эрчим хүчний эх үүсвэрүүдээ төрөлжүүлэх

- цөмийн эрчим хүчийг ашиглах хэрэгтэй болж байна. 


Түүнчлэн эрчим хүчний тал дээр Оросоос тодорхой хэмжээгээр хамараалтай Монгол Улс ч гэсэн сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлснээр эрчим хүчний аюулгүй байдлаа хангах нь зүйтэй гэсэн санааг хэвлэлийн хуралд оролцогчид хэлж байлаа.


Энэ ондоо багтан ЕХ нүүрс, газрын тос, байгалийн хийн хамааралтай байдлаа эрс бууруулах зорилт тавин ажиллаж байна. Цаашдаа ЕХ-г илүү хүчирхэг, илүү чадамжтай болгох зорилго бүхий стратегийн үйл ажиллагааны чиглэл болох the Strategic Compass буюу “Стратегийн луужин”-г батлах тал дээр санал нэгтэй байна. Энэ бол дараагийн 10 жилийн хугацаанд ЕХ-ны аюулгүй байдал, батлан хамгаалахын салбар дахь ерөнхий дүр зураг, зорилтуудыг тодорхойлох юм. Үүнд:


-Хямрал дэгдсэн үед илүү шийдэмгий, илүү хурдтай ажиллах

-Хурдан өөрчлөгдөж буй аюул заналаас иргэдийг хамгаалах,

-Шаардлагатай чадамж ба технологид хөрөнгө оруулах

-Нийтлэг зорилтуудад хүрэхийн тулд бусад түншүүдтэй хамтран ажиллах


БНФранц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүн: Энэ дайны улмаас Монгол шиг улс орнууд валютын ханшийн өөрчлөлтийн томоохон цохилтод өртөж байна. Оросын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн, хүнс, төмөр замын тоног төхөөрөмжүүд импортолдог орны хувьд Монгол Улс томоохон хүндрэлтэй тулгарч байна.


Франц болон бусад улс орнууд хүнс болоод хөдөө аж ахуйн салбарт учирч буй эдгээр үр дагаврыг багасгах талаар хамтран ажиллаж байна.


Хүнсний аюулгүй байдлыг хангах тал дээр Франц улс Монголтой тууштай хамтран ажиллах болно. Урт хугацаанд хүнсний аюулгүй байдал, эрчим хүчний салбарын биеэ даасан байдлыг бэхжүүлэх талаар хамтарч ажиллана. Оросын эсрэг авч буй хориг арга хэмжээнүүд Монголд нөлөөлөхгүй байлгах үүднээс өөрсдийн зүгээс бид анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. НҮБ-ын идэвхтэй гишүүн, мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой аливаа асуудалд бид дэмжлэг үзүүлэх болно.


ХБНГУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн, хатагтай Регина Рутенберг: ОХУ буруу ташаа мэдээлэл цацах байдлаар олон улсын яриа хэлэлцээнд нөлөөлж, Украинд бий болсон бодит нөхцөл байдлыг гажуудуулан тайлбарлахыг оролдож байна. Бид гярхай ажиглан харж байх ёстой. Нэг улс нөгөө улс руу ийм зэвсэгт халдлага хийнэ гэдэг бол байж боломгүй зүйл. ОХУ энэ түрэмгий дайныг цэргийн тусгай ажиллагаа гэж нэрлэж байна. Түүнчлэн дайны учир шалтгаан, мөн чанарын талаар буруу мэдээлэл түгээж байна.


БНПольш Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Кшиштоф Бойко:


Манай улс Украины 2,7 сая дүрвэгчдийг хүлээн авсны 80-90 хувийг эмэгтэйчүүд, хүүхдүүд эзэлж байна. Ингэснээр хамгийн олон тооны дүрвэгсэд хүлээн авсан орнуудын нэг болж байна. Украины дүрвэгсдэд халуун сэтгэлийн тусламж үзүүлж, тэдний аюулгүй байдал, нийгмийн асуудлыг хангах чиглэлээр ажиллаж, эрүүл мэндийн ба бусад үйлчилгээг хүргэх арга хэмжээнүүдийг авч байна. 


БНБолгар Улсын ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Валентин Ангелов:

Энэ дайныг нэн даруй зогсоохыг шаардаж байна. Дайны улмаас олон сая украинчуудын амьдралын чанар доройтож, нутаг орноо орхин явахаас аргагүй байдалд хүрчээ. Манай улс НҮБ, Олон улсын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран дүрвэгсдэд дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар Болгар улс Украины 75 мянган дүрвэгсдийг хүлээн авсан.  Манай засгийн газар, ард иргэдийн зүгээс 1,7 сая еврог дүрвэгсдэд зориулан хандивлалаа.


АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Майкл Клечески:


Бид ЕХ-ны байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Хэрвээ бид Орост байсан бол ийм мэдээлэл хийх боломжгүй байсан. Учир нь, тус улсад хэвлэлийн эрх чөлөө, мэдээллийн хүртээмжтэй байдлыг байнга зөрчдөг. Тухайлбал, Фэйсбүүк, Инстаграм, Твиттер зэрэг сүлжээг хаасан. Энэ дайн бол утга учиргүй, харгис түрэмгийлэл мөн гэдгийг давтан хэлье.


Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Катрин Ивкоф:


Дэлхийн II дайнаас хойших энэхүү томоохон түрэмгийлэл нь НҮБ-ын дүрэм, олон улсын хууль журмыг ноцтой зөрчсөн хэрэг мөн. Энэ бол хүний эрхийг зөрчиж буйн нэг илэрхийлэл юм. Аливаа үл ойлголцсон асуудлыг яриа хэлэлцээгээр шийдвэрлэдэг. Жижиг улсыг том гүрэн түрэмгийлэх замаар хэзээ ч шийдвэрлэж болохгүй.


Канад улс Украины засгийн газар, эрэлхэг зоригт ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж байна. Хүмүүнлэгийн тусламж болгож 45 сая долларыг зарцууллаа. 


Дайнтай холбоотойгоор хүнсний аюулгүй байдалтай холбоотой нөхцөл байдал үлэмж доройтлоо. Украин болон Оросын экспортын бүтээгдэхүүнээс, тэр дундаа улаан буудайнаас олон улс орон хамааралтай байдаг. Хүнсний аюулгүй байдал, эмзэг бүлгийн хүмүүсийн хоол хүнсний асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай  байна.

Энэ тал дээр Канад улс Дэлхийн хүнсний хөтөлбөр зэрэг байгууллагатай хамтран ажиллаж байна. Монголын эдийн засагт үүссэн нөхцөл  хэрхэн нөлөөлж байгааг бид анхааралтай ажиглаж байна.


Өөрсдийн байр суурийг илэрхийлснийхээ дараа элчин сайд нар Монголын сэтгүүлчдийн тавьсан асуултуудад хариуллаа. Тухайлбал, ардчилсан нээлттэй улс болох Монголын иргэдэд виз олгох асуудлыг хялбаршуулсан журмаар шийдэж байгаа бөгөөд удаашруулж буй асуудал байхгүй, виз олголт бол ЕХ-ны гишүүн улс орон тус бүрийн өөрсдийнх нь асуудал гэдгийг Чех улсын элчин сайд онцлон дурдлаа.  Мөн Финланд, Шведийн тухайд аливаа ардчилсан улс орон НАТО-д элсэх өргөдлөө гаргах эрхтэй учраас тус хоёр орон хүсэлтээ гаргасан болов уу гэж үзэж байгаагаа илэрхийлэв.


Оросын эсрэг хоригийн үр нөлөө хэзээ гарах вэ гэдэг нь тодорхойгүй, гэхдээ энэ утгагүй дайныг нэн даруй зогсоох ёстой, бүх зүйл Кремлиэс хамаарна гэдгийг хэвлэлийн хуралд оролцсон ЕХ-ны төлөөлөгчид дурдлаа. 


Холбоотой мэдээ