Нийтийн тээврийн орлого 50 хувиар багасжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн нийтийн тээврийн орлого 2017 онд 50 тэрбум төгрөг байсан бол 2018 онд 43, 2019 онд 36, 2020 онд 27, 2021 онд 25 тэрбум болж 50 хувиар багассан байна.
Нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн
байгууллагуудад 2017 онд 50
тэрбум төгрөг олгож байсан бол 2021 онд 105 тэрбум болжээ. Дээрх аж ахуйн нэгжүүдэд 2015
оноос хойш 360 тэрбум төгрөг өгсөн байна.
Нийслэлийн Нийтийн тээврийн газар “Сити баз консалтинг”
компанитай байгуулсан гэрээг хангалттай гэж
дүгнэдэг ч үзүүлэлтийг дүгнэх дүрэм, журам байдаггүй аж. Шүүхийн шийдвэр энэ гэрээг хууль бус,
ашиг сонирхол, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэж гарсан ч гэрээ нь одоо хүртэл үргэлжилж байгаа. Гэрээ байгуулснаас хойш тус компанид нийслэлийн төсвөөс 17.1 тэрбум төгрөг өгчээ. Жил бүр 3-4 тэрбум төгрөг өгсөн ч төсвийн орлогыг сайжруулах үүргээ
биелүүлээгүй, гэрээний
хэрэгжилтийг хангаагүй тул
гэрээг цуцлах саналыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр ажлын хэсгээс гаргав.
2017 онд тус компани байгуулагдахдаа 324 хүний орон тоотой байсан бол одоогоор 189 хүн ажиллаж байна. Засаг даргын захирамжаар нийтийн тээврийн үйлчилгээний
хөлс төлөлтийг хянах
шалгагчийг ажиллуулах гэрээ байгуулах эрхийг Нийтийн тээврийн газрын даргад
олгосноор “Сити баз
консалтинг” ХХК-тай гэрээ байгуулжээ.
Гэрээ 9 зүйл заалтаас
бүрдсэн гэрээг 4 удаа сунгаж,
өөрчилсөн ч гэрээ
байгуулснаас хойш орлого жил бүр багасаж,
гэрээгээр хүлээсэн үүргээ нэг ч удаа биелүүлээгүй аж.
Зөвлөлийн гишүүд энэ асуудлыг шийдэх цаг болсныг тодотгоод, нийтийн тээвэр хотоос мөнхийн татаастай байдгийг цэгцэлж, шийдэх хэрэгтэйг онцолж байв. Ажлын хэсгийн дүгнэлтийг
үндэслэн зөвлөлийн хурлаас тэмдэглэл гаргаж, тус гэрээг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд цуцлахыг Нийтийн тээврийн газарт үүрэг болгосон гэж нийслэлийн сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээлжээ.