Засгийн газар Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл өргөн барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-04-15 17:21:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар тогтсон тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв. 


Олон улсын хямралт нөхцөл байдал, цар тахлын давалгаатай холбоотойгоор инфляц нэмэгдэж байгаа энэ үед төр хэт үрэлгэн байна гэсэн шүүмжлэл олон нийтийн жагсаалын үеэр иржээ. Төр хэмнэлтийг тодорхой түвшинд хэрэгжүүлж ирсэн ч тусгай хууль, эрх зүйн орчин байдаггүй тул үр дүнд хүрэхгүй байгааг Ерөнхий сайд учирлав. Тиймээс энэ асуудлыг Төсвийн хэмнэлтийн тухай хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзсэн хэмээгээд, энэ хууль нь төсвөөс санхүүждэг бүх байгууллагад хамаарна гэдгийг тодотголоо. 


Хуулийн төсөлд,

  • төрийн өмчит компаниудын бүтцэд дэд захирал болон шаардлагагүй албан тушаалтныг хязгаарлахаар тусгажээ. Мөн төрийн өмчийн 39 ААН-ийг олон нийтийн хяналтад оруулж 34 хувийг IPO гаргах асуудлыг УИХ-д оруулахаар тогтсон байна. Түүнчлэн 10 төрийн өмчит компанийг нэгтгэж, 10 орчим компанийг татан буулгахаар төлөвлөжээ. ТӨК-тай холбоотой үйл ажиллагааны нийтлэг журам, орон тоо, ашигтай ажиллах эсэх асуудлыг энэ хуульд тусгахаар төлөвлөөд байна. Ингэснээр, энэ хуулийн хүрээнд аудитын дүгнэлт гарах боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэлээ. 
  • Хот суурин газарт том оврын автомашин хэрэглэхийг хуулиар хориглоно. Том оврын автомашиныг Засгийн газрын автобааз хариуцах бөгөөд хөдөө томилолтоор явах онцгой шаардлагатай үед дуудлагаар үйлчлэх юм байна. Цаашлаад төрийн байгууллага такси үйлчилгээ авах зэргээр аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж төр үе шаттай машинаас татгалзах асуудлыг хуулиар шийдэх нь зүйтэй гэсэн шийдэл гаргасан хэмээн Ерөнхий сайд онцоллоо. 
  • Чиг үүргийн давхардлыг арилгах, орон тоо нэмэхгүй байх асуудлыг хуульд тусгасан бөгөөд УИХ-д ирэх долоо хоногт төсвийн тодотголын хамт өргөн мэдүүлэхээр төлөвлөж буйг тэмдэглэв. Ингэснээр, асуудлыг гал унтраах биш агуулгын шийдэл болгож чадна гэдэгт итгэлтэй байна хэмээн Ерөнхий сайд тодотголоо. 
  • Төрийн бүх байгууллагын зардлын 10-15 хувийг хэмнэлтийн горимд шилжүүлнэ. Өмнө нь тэтгэвэр нэмэхтэй холбоотой асуудлаар 10-15 хувиар хэмнэж байсан бол нэмээд хэмнэхээр болж буйг тайлбарлалаа. 
  • Гар утасны төлбөр, зочин төлөөлөгч хүлээн авах зардал гаргахгүй байх, бэлэг авахтай холбоотой харилцааг хуулиар зохицуулна.
  • Гадаад, дотоод төрийн айлчлалд явах төрийн аль ч шатны албан тушаалтан бизнес ангиллаар бус, энгийн ангиллаар зорчино. Ингэхдээ үндэсний авиа компанийг эхэнд тавих бөгөөд тухайн албан тушаалтан хүсвэл өөрийн зардлаар бизнес ангилалд явж болно.
  • Төрийн тусгай албан хаагчдаас бусад албан хаагчид дүрэмт хувцас хэрэглэхгүй. 
  • Төрийн байгууллагын сургалт, сенминар, бичиг хэргийн зардлыг цахимжуулах асуудлыг хуульд тусгана. 
  • Цаашид төрийн байгууллага аль түвшинд хэмнэлт гаргах боломжтой эсэх асуудлаар олон нийтийн дунд санал асуулга явуулна. 

Цаашид НДШ, НӨАТ-тай холбоотой асуудал, Эрүүгийн хуулийн ялын бодлогыг чангалах, төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон авлигын хэрэг удааширч байгаа талаар иргэдээс ирсэн саналыг УИХ-тай хамтран шийдвэрлэх чиглэлд ажиллахаа илэрхийллээ. 

Холбоотой мэдээ