Тэргүүн баян И.Маск Твиттерийг сонирхох болсны учир

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2022-04-16 12:41:19

Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Америкийн бизнес эрхлэгч Илон Маск Твиттер компанийн хувьцааг 100 хувь худалдан авахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Долоо хоногийн өмнө тэрбээр тус компанийн хувьцааны 9,1 хувийг 2,64 тэрбум доллароор худалдан авснаар хамгийн том хувь нийлүүлэгч нь болсон юм. Улмаар үлдсэн хувьцааг илүү өндөр үнээр буюу нэг бүрийг нь 54,2 доллароор үнэлж авахад бэлэн гэдгээ мэдэгдсэний дараа Twitter-ийн хувьцааны ханш 12 хувиар өслөө. Ингэснээр тус сүлжээний зах зээлийн үнэлгээ 40 тэрбумаас давжээ.

  

“Форбес” сэтгүүлийн баячуудын жагсаалтыг тэргүүлж буй И.Маск 219 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд сансрын судалгааны SpaceX компани, цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компани түүний хөрөнгийн гол цөмийг бүрдүүлдэг. 


Твиттерийн хамгийн том хувьцаа эзэмшигч болсон тэрбээр ТУЗ-ийн бүрэлдэхүүнд орох эрхтэй боловч өнгөрсөн ням гарагт энэ саналаас татгалзсанаар олон нийтийг дахин нэг удаа гайхшруулсан бол 4 хоногийн дараа Твиттер-ийн хувьцааг бүхэлд нь худалдан авах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн нь бүр ч алмайрууллаа. Нэгж хувьцааг 54,2 доллароор үнэлж буй тэрбээр “энэ бол эцсийн бөгөөд хамгийн сайн үнэ гэж тодотгон хэлжээ.


Үүний зэрэгцээ, хэрвээ компанийг бүхэлд нь авч чадахгүй бол өөрт байгаа хувьцаагаа зарна гэдгээ мэдэгдсэний учир нь, 9,1 хувь гэдэг нь түүний хувьд ашигтай хөрөнгө оруулалт биш ажээ. АНУ-ын Үнэт цаас ба биржийн Комисст илгээсэн захидалдаа И.Маск “Твиттерийн платформ нь дэлхийн дахинд үг хэлэх эрх чөлөөг хамгаалах гол хэрэгслүүдийн нэг болж чадна гэж найдаж байгаа учраас хөрөнгө оруулсан” гэж дурджээ. 


“Тус компанид хөрөнгөө оруулж буй хүний хувьд хэлэхэд, өнөөгийн энэ байдлаараа Твиттер цаашид хөгжих боломжгүй, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй учраас түүнийг хувийн компани болгож өөрчлөх нь зүйтэй, ингэснээр тус компанид байгаа ер бусын их чадавхийг нь нээж өгнө” гэж Америкийн тэрбумтан ярьж байна.


Маск өөрийн гэсэн нийгмийн сүлжээтэй болох гэж байгаа тухай дам яриа сүүлийн хэдэн долоо хоногийн турш тасраагүй юм. Харин Твиттерт эзэмшдэг хувьцаагаа 9,1 хувь болгосны дараа шинээр компани байгуулах бус харин одоо ажиллаж буй нийгмийн сүлжээнд хөрөнгө оруулах хүсэлтэй гэдэг нь тодорхой боллоо. Ер нь бол, нийгмийн сүлжээг өөрөө бий болгоод тэгээс эхлэн ажиллуулах нь тийм ч хялбар ажил биш болой. Жишээ нь, твиттерээс хөөгдсөнийхөө дараа АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трамп Truth Social гэдэг нэртэй нийгмийн сүлжээг байгуулсан боловч хэрэглэгчдийн сонирхлыг татаж чадаагүй гэдгийг технологийн сэдвээр бичдэг ВВС агентлагийн сэтгүүлч Марк Числак дурдлаа.

Олон жилийн туршид санхүүгийн үзүүлэлтүүд нь тааруухан, хувьцааных нь ханш сул байсаар ирсэн Твиттер компанийн үйл ажиллагаанд түлхэц өгөхүйц хүч хэрэгтэй болсон нь үнэн. Гэхдээ түр зууртаа хувьцааны ханшийг сэргээхээс өөр ямар бодитой дэмжлэгийг Маскийн хөрөнгө оруулалт өгч чадах вэ?


Энэ асуултад хариулахын өмнө нэг зүйлийн утга шалтгааныг олох хэрэгтэй. Twitter-т хөрөнгө оруулснаараа Маск чухам юуг олж авахыг хүсэж байна вэ?     


Эхний шалтгаан: Ашиг хүртэх сонирхол  


Твиттерийн хувьцааг худалдан авснаараа Маск тодорхой хэмжээний ашиг олох сонирхолтой байгаа бололтой. Тэрбээр өөрийн эзэмшлийн хувийг аажим аажмаар нэмэгдүүлсээр ирсэн боловч хувьцаа худалдан авах хэлцлүүдийнхээ талаар таг дуугүй байсан нь үүнийг гэрчилнэ. АНУ-ын Үнэт цаас ба биржийн комиссын тайланд дурдсанаар, И.Маск Твиттерийн хувьцааг 1 дүгээр сарын 31-нээс “цуглуулж” эхэлсэн бөгөөд хоёр сар гаруйн хугацаа өнгөрсний дараа уг мэдээлэл нийтэд ил болсон юм.


Хэрвээ хувьцааг ямар үнээр худалдан авах нь Маскт сонин биш байсан бол тэрбээр энэ тухайгаа ил тод зарлах эсвэл битүүгээр ойлгуулах байлаа. Гэвч тэрбээр нууцлахыг илүүд үзжээ.


Маск TWTR хувьцааны 9,1 хувийг 2,64 тэрбум доллароор худалдан авсан нь түүний хөрөнгийн 1 хүрэхгүй хувьтай тэнцэнэ. Гэхдээ уг мөнгийг бэлнээр төлсөнд гол учир байгаа юм.


Дэлхийн хамгийн баян хүний хөрөнгийн ихэнх нь хөрвөх чадваргүй хөрөнгө байдаг. Гэсэн хэдий ч тэрбээр 9,1 хувийн хувьцааг худалдан авахын тулд их хэмжээний бэлэн мөнгө зарцуулжээ. Үүний дараа Твиттерийн хувьцааны ханш эрс өссөнөөр И.Маск 740 сая долларын ашиг олсон нь 200 гаруй тэрбумын хөрөнгөтэй хүний хувьд ч гэсэн бэлэн мөнгө гэдгээрээ их хөрөнгө юм.


Удаах шалтгаан: Зугаагаа гаргах


Маскийн хувьд ашиг олох нь хамгийн гол зүйл биш гэж бодъё. Гэхдээ Теслагийн ерөнхий захиралд илүү их мөнгө олох хүсэл байхгүй гэсэн үг биш л дээ. И.Маск бол ханш нь унасан хувьцааг багц багцаар нь түүж байдаг Уоррен Баффет шиг хүн биш ээ.


Тэрбээр өөрт нь Твиттер зүгээр л таалагддаг учраас түүнийг сонгосон бололтой. Ганцхан жиргээ бичсэнийхээ төлөө 20 сая доллароор торгуулахдаа огт гудийхгүй, “байх л ёстой зүйл” гэж мэдэгдэж байсан хүнд Твиттер үнэхээр таалагджээ. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд цахилгаан автомашин үйлдвэрлэж буй компанийн ерөнхий захирал энэ хүн хаа сайгүй байдаг жирийн троллууд шиг элдэв зүйл бичдэг нь гайхал төрүүлнэ. Өөрт нь таалагддаг учраас тэрбээр Твиттерийн платформыг худалдан авах гэж байгаа нь эргэлзээгүй. Ойрын жишээ дурдахад, Маск 17 мянга гаруй жиргээ бичсэн гэх баримт л үүнийг батлаад өгнө. Платформын сул талуудыг арилгах хүсэл ч түүнд байгаа болов уу.   


Твиттерийн хамгийн том хувьцаа эзэмшигч болсныхоо дараа Маск Твиттерийг өдөж эхэлжээ. Тухайлбал, компаний нэрнээс “w” үсгийг хасах уу, Твиттерийн төв байрыг гэр оронгүй хүмүүст өгье, “платформ мөхөж байна уу” гэх мэт этгээд асуултуудыг хэрэглэгчдэд тавих болов. Харин одоо тэрбумтны ийм үг хэллэг хэний ч гайхшралыг төрүүлэхээ больсон. Гэхдээ иймэрхүү жиргээнүүд нь хамгийн том хувьцаа эзэмшигчийн зугааг нэг хэсэгтээ л гаргах бололтой.


Гуравдахь шалтгаан: Твиттерийг сайжруулах


Хувьцаа худалдан авсан талаараа Маск хэд хэдэн анхаарал татахуйц мэдэгдэл хийсний нэг нь “Твиттерийг дорвитой сайжруулах тухай байлаа.

Өнгөрсөн долоо хоногт тэрбээр “засварлах” гэсэн товчлуурыг нэмж оруулах талаар хэд хэдэн удаа бичсэнээс гадна сэтгэл ханамжийн байдлыг тандах санал асуулга явуулах санал гаргаж байх жишээтэй. Түүнчлэн өнгөрсөн оноос Канад, Австралид ажиллуулж эхэлсэн дээд ангиллын Twitter Blue үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулж, сарын захиалгыг нэмэгдүүлэх талаар зөвлөмж өгсөн байна. Түүнчлэн төлбөртэй захиалагчдын хувьд рекламыг харагдуулахгүй байх, захиалгын төлбөрийг Dogecoin цахим валютаар хийхийг зөвшөөрөх, үйлчилгээний үнийг бууруулах гэх мэт саналуудыг тавьжээ.


Дөрөвдэх шалтгаан: Улс төр ба эрх мэдэл


Твиттерт тулгарч буй гол асуудлуудын нэг бол контентийг хянаж шалгадаг явдал гэж И.Маск үздэг бөгөөд “үг хэлэх эрх чөлөөний зарчмуудыг зөрчдөг” хэмээн тус нийгмийн сүлжээг хэдэнтээ буруутгаж байсан.


Өнгөрсөн оны 12 дугаар сард нийтэлсэн нэгэн жиргээндээ тэрбээр компанийн гүйцэтгэх захирал П.Агравал-ыг И.Сталинтай адилтгасан удаа бий. Түүнчлэн үг хэлэх эрх чөлөөний зарчмуудад Твиттерийн платформ үнэнч байгаа эсэх талаар санал асуулга явуулж байв.


Twitter-ийн ТУЗ-д орохоос Маск татгалзсан нь олон хүний гайхшралыг төрүүлсэн. Гэхдээ гярхай туршлагатай ажиглагчдын дүгнэж байгаагаар, хэрвээ тэрбээр уг саналыг хүлээж авсан бол тэнд үйлчилж буй дүрэм журманд захирагдах учраас ийм байдал нь твиттерт жиргэх, твиттерийн тухай жиргэх дуртай дэлхийн хамгийн баян хүний санаанд нийцээгүй байж магадгүй. Гэхдээ Маск ТУЗ-ийн суудлаас татгалзсан ч бай, татгалзаагүй ч бай тус компанийг “тайван бус цаг үе” хүлээж байгаа гэдгийг П.Агравал хэллээ. Гэсэн хэдий ч Твиттер сүлжээ зорилго, тэргүүлэх чиглэлээсээ хазайгаагүй гэж тодотгосон байна.


Нөгөөтэйгүүр, хар тамхинаас авхуулаад улс төрийн сэдвээр дуулиан тарьсан жиргээнүүд нийтэлж, Твиттерийн хамгийн идэвхтэй хэрэглэгчдийн нэг болсон И.Маск тус сүлжээнд 10 жилийн хугацаанд тогтсон байгууллагын соёлд хохирол учруулах вий хэмээн компанийн ажилтнууд болгоомжилж байгаа гэнэ. Түүнээс гадна, Маск Твиттерт хувь эзэмшсэнээрээ Д.Трампын аккаунтыг сэргээж магадгүй гэсэн хардлага ч байгаа бололтой.


Ташрамд дурдахад, Твиттерийн томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг болох Саудын Арабын ханхүү Аль-Валид ибн Талал Аль Сауд компанийг бүхэлд нь худалдан авах гэсэн Маскийн саналын тухайд “манай сүлжээний өсөн дэвжих нөөц боломжийг тооцож үзвээс 43 тэрбум гэдэг нь Твиттерийн бодит үнэлгээнд нийцэхгүй” гэжээ. 


Twitter-ийн хувьцаанд хэрхэн нөлөөлөх бол?


Ер нь бол, Маскийн санаа сэдлүүд эдгээр шалтгаануудаар хязгаарлагдахгүй болов уу. Гэхдээ энэхүү 4 шалтгаан нь Твиттерийн хувьцааны ханшид тодорхой хэмжээгээр нөлөөлж л таарна.  


Дээр дурдсанчлан, компанийг өөрчлөн шинэчлэх цаг ирсэн гэдгийг хувьцаа эзэмшигчид нь хэлсээр байгаа нь үнэн. Маск хувьцаа худалдан авсан тухай мэдээлэл цацагдахын өмнө хийсэн арилжааны хаалтын ханш 39,31 доллар байсан нь тэртээх 2013 онд болсон анхны арилжааны ханшаас ч доогуур үзүүлэлт юм. Ханш сул байгаа нь юуны түрүүнд санхүүгийн үзүүлэлтүүд тааруухан байгаатай холбоотой. 2021 онд үйл ажиллагааны ашиг дөнгөж 5 хувьтай гарсан нь платформын бизнесийн хувьд тун базаахгүй үзүүлэлт. Үүний зэрэгцээ хэрэглэгчдийн тоо ч өсөхгүй байна. Харьцуулахад, Meta Platforms-ийн зах зээлийн үнэлгээ гэхэд Твиттерийнхээс 15 дахин өндөр байгаа бол Snap хүртэл 50 хувиар давсан үзүүлэлттэй байх жишээтэй.


Эзэмшлийн хувийг нь харвал Маск ТУЗ-д заавал орох шаардлагагүй, гэхдээ хэдий хэр хугацаанд тэрбээр Твиттерийн хувьцаа эзэмшигч байхаар шийдсэн бол? Өнгөрсөн онд түүний зугаагаа гаргаад хаячихсан ээлжит Dogecoin нь Твиттер болох юм биш биз?  


Яагаад рекламыг хааж, үг хэлэх эрх чөлөөг чухалчлах болов? Энэ нь урт хугацаандаа компанийн орлогыг нэмэгдүүлэх уу? Премиум ангиллын хэрэглэгчдэд зориулсан зар сурталчилгааг хаахыг санал болгосон нь тэрбээр зөвхөн ашиг хараагүй гэдгийг харуулж байна.


Маск яагаад ТУЗ-ийн суудлаас татгалзсаныг хүмүүс сайн мэдэхгүй, магадгүй хувьцааны үнэ түүний хувьд чухал биш байж болох юм. Юутай ч хэсэг хугацааны дараа энэ бүх асуултын хариу тодорхой болно.


Б.Адъяахүү

Эх сурвалжууд: ВВС, ru.investing.com

Холбоотой мэдээ