Б.Батцэцэг: Монгол Улс, АНУ хамтран биологийн лаборатори байгуулах яриа хэлцэл огт хийгээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-04-18 14:42:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, АНУ хамтран биологийн лаборатори байгуулах яриа хэлцэл огт хийгээгүй гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр мэдээлэв.


Тодруулбал, ОХУ-ын зарим өндөр албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш америкийн тал Монгол Улстай холбогдож биологийн лаборатори байгуулах тухай ярьсан гэх мэдээлэл хийх болсон.  Уг мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй, ор үндэслэлгүй мэдээлэл болохыг ГХЯ энэ сарын 17-нд албан ёсоор мэдэгдсэн юм.


Уг мэдэгдлийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, “Дэлхийн геополитикийн асуудал хүнд байгаа. ОХУ-ын нэгэн сонинд дөрвөн удаа нийтлэл гарсан байна. БНХАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч энэ мэдээлэл гарсан. Энэ мэдээлэл үнэн бодит байдалд нийцэхгүй. Монгол Улсын гадаад харилцаа нээлттэй, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн байх зарчмаа маш сайн баримталж байгаа. Хэрэв хүсвэл олон улсын байгууллага, ОХУ-ын байгууллага, хүмүүст танилцуулга хийхэд бэлэн байна. Монгол Улсын төрийн бүх байгууллага гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилтээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, судалгааг нарийвчлан гаргасан. Ялангуяа хүмүүсийн хардалтыг төрүүлэхүйц ямар төсөл байгааг нягталсан байгаа. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн байгууллагууд ч мэдээллээ чамбайруулж, нэгтгэн танилцуулж, сонсгол хийх үүрэг өгсөн. ГХЯ-наас ч ийм зүйл байхгүй гэдгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ дахь МАН-ын бүлэгт танилцууллаа” хэмээв.


Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ташаа мэдээлэл гарах болсон шалтгаан нөхцлийг та хэрхэн харж байна вэ?

-ОХУ, Украины хурцадмал нөхцөл байдал эхэлснээс хойш дэлхий нийтэд мэдээллийн дайн эрчимтэй явж байна. Үүнийг дагаад маш олон хардалт гарч байгаа. ОХУ, БНХАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан нийтлэл бол АНУ Украинаас био зэвсгийн зориулалтын лабораторио Монгол Улс руу нүүлгэсэн гэсэн мэдээлэл байгаа юм. Тиймээс энэ ноцтой ташаа мэдээлэлд бид няцаалт хийх ёстой. Улс орон бүртээ хамтран судалгаа хийх, ялангуяа цар тахлын үед шинжилгээний лаборатори байгуулсан тохиолдол бий. Энэбүх  мэдээлэл маш ил тод байгаа. Тиймээс хардаад байгаа эрүүл мэндийн салбарын лабораторийг танилцуулж, мэдээлэл өгөхөд ЭМЯ бэлэн байна.


-Ташаа мэдээлэл түгээсэн асуудлыг тагнуулын байгууллага шалгаж байгаа юу?

-Тагнуулын байгууллага мэдээж зохих арга хэмжээ авч байгаа. ГХЯ ташаа мэдээллүүдийг байнга судалж байна. 

Холбоотой мэдээ