Б.Отгонсүрэн: Бийрээр бичих үед амьсгалаа хүртэл зохицуулдаг нь нэг ёсны иог ч юм шиг санагддаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-04-19 10:24:02

Төв /МОНЦАМЭ/ Хэл шинжлэлийн магистр, тэргүүлэх зэрэгтэй Хүмүүн цогцолбор Ахлах сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Б. Отгонсүрэнтэй ярилцлаа.


-Монгол бичгийн багш хэмээх эрхэм мэргэжлийг эзэмшихээр зорьсон үеийн дурсамжаар ярилцлагаа эхлүүлье? Анх яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ?

-Миний хувьд 1991 онд нэгдүгээр ангид элсэн ороход монгол бичгээ нэгдүгээр ангиас үзэж эхэлсэн жил таарсан. Түүнээс хойш монгол бичиг бол миний унаган бичиг болж тасралтгүй үзэж судалсан. Бас Ерөнхий боловсролын сургуульд сурч байх үе үеийн багш нарын маань сэтгэл зүтгэл зэрэг энэ мэргэжлийг эзэмшихэд нөлөөлсөн. Өөрөө ч монгол бичигтээ маш их дуртай. Одоо 17 дахь жилдээ ажиллаж байна.

-Анх их сургуульд суралцах үед мэргэжил сонголт дээр гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээн авсан бэ? Өөрийн зорьсон мэргэжлээрээ суралцсан гэж ойлгож болох уу?

-Өөрийн дуртай сонирхсон мэргэжлээр суралцсан учир дэмжсэн.

-17 жилийн хугацаанд хэдэн анги дааж авав? Анх анги хариуцаж авна гэдэг их том сорилт байдаг шүү дээ. Та энэ үеийнхээ дурсамжийг хуваалцвал?

-Анх төгсөөд л төрөлх сургуульдаа буюу Хүмүүн цогцолбор дунд сургуульд ажилд ороод 15 жил ажилласан. Өнөөдрийн байдлаар нийт 3 анги төгсгөсөн байна. Одоо Хүмүүн цогцолбор ахлах сургуульд ажиллаж байна. Мэдээж анх багшилж эхэлж байх үед тохиолдсон адал явдлууд маш их. Одоо бодоход юугаа ч зааж байсан юм бэ дээ ч гэж боддог. Анхны дааж авсан 6-р анги маань их хөдөлгөөнтэй, хөвгүүд голцуухан анги байсан.

-Монгол бичгийн цэвэр бичигтний улс болон аймгийн шинж чанартай уралдаанд таны шавь нар их оролцож байгаа харагддаг. Тэдгээр шавь нар дундаас таны мэргэжлийн залгамж халааг үргэлжлүүлэх хүсэлтэйгээр суралцаж байгаа болон нийгэмд бэлтгэгдээд гарч ирсэн хэл бичгийн багш нар бий юу?

-"Монголын сайхан бичигтэн" улсын уралдаанд 10-р ангийн сурагч байхад Жаргал багш намайг бэлтгэн оролцуулж байлаа. Түүнээс хойш оюутан байхдаа Тэргүүн байр эзэлж байсан. Иймээс ч энэ уралдаан бол миний амьдрал, ажил үйлстэй салшгүй холбоотой. Багш болсон цагаасаа шавь нараа бэлтгэн оролцуулсаар ирсэн. Ер нь л их олон сайхан амжилт гаргасан. Нэг шавь улсад түрүүлэн МУИС-д Засгийн газрын тэтгэлгээр суралцаж төгсөн Монголын хэл утга зохиолын багш болсон. Нэг шавь МУБИС төгсөн Монгол хэл уран зохиолын багшаар ажиллаж байна. Өмнөх оны элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр 800 оноо авсан нэг шавь МУБИС-д 100 хувь тэтгэлгээр суралцаж байна.

-Монгол бичгээр багаасаа цэвэр бичихэд суралцаагүй хүүхдүүд бий. Тэдгээр хүүхдүүдтэй хэрхэн ажилладаг вэ? Мөн цэвэр бичиж сурахад хүүхдийн нас чухал байдаг уу?

-Хүн бүрт цэвэр сайхан бичих боломж бий. Гол нь аргаа олох нь чухал. Гол зурлагуудаа хэрхэн бичих аргачлалыг заагаад өгчихвөл хэн ч гэсэн сайхан бичиж чадна. Тэгэхээр нас бол чухал биш гэж бодож явдаг.  

-Таны хувьд ихэвчлэн хүүхдүүдэд монгол бичгийн ямар хэлбэрийн бичиглэлүүдийг заадаг вэ? Гол онцлогуудаас нь хуваалцвал?

-Эхлээд хичээнгүй бичиг зааж сурсны дараагаар хүүхдийн сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор 8-аас дээш ангид  эвхмэл, таталган тиг заадаг. Гол онцлог нь эвхмэл бичгээр лого эмблем гэх мэт зүйлс хийх боломжтой байдаг.

-Таны хувьд монгол бичгээр хийсэн бүтээл гаргадаг уу?

-Сүүлийн үед бийрийн бичигт суралцаж цөөн тооны бүтээл хийсэн.

-Олон жил энэхүү бичгийг судалж түгээн дэлгэрүүлж байгаа хүний хувьд монгол бичгийн онцлогийг хувь хүнийхээ хувьд юу гэж хардаг вэ?

-Монгол бичиг бол монгол хэл аялгуундаа тохирсон авианы бичиг. Жишээ нь дэбэл гэж бичээд дээл гэж халх аялгуунд уншдаг бол ойрд аялгуунд дэвэл гэж ярьдаг. Сэтгэлгээ, оюун санааны хөгжил их шаарддаг. Жишээ нь анх сурч буй хүмүүс бол урт эгшигтэй үгийг унших гэж олон янзаар уншдаг. Агула-уул, Эмэгэл-эмээл гэх мэт, мөн дүрсээр утга ялган бичдэг  үгсийг нүдлэн тогтоож тохируулан хэрэглэх гэх мэтээр сэтгэн бодох нүдлэн тогтоох чадвар их шаарддаг онцлогтой.

Монгол бичиг нь өөрөө оюуны төвлөрөлт их шаарддаг. Ялангуяа бийрээр бичих үед амьсгалаа хүртэл зохицуулан бичдэг нь нэг ёсны иог ч юм шиг санагддаг. Маш их тайвшралыг олж авдаг даа.

-Сүүлийн жилүүдэд монгол хэл болон монгол бичгийг томоохон шалгалтуудад зайлшгүй суурь шалгуураар оруулдаг болсон. Энэхүү бодлогыг та дэмждэг үү?

-Дэмждэг. Ингэж л төрөөс бодлого баримталж хэл бичигтээ анхаарахгүй бол залуу үеийнхэн гадаад хэл сонирхоод монгол хэл, монгол бичгээ бараг тоохгүй болсон. Надад бараг хэрэггүй гэх мэтээр ханддаг болсон учраас хүчээр ч гэсэн шалгалт авснаар хүүхдүүд бага ч гэсэн анхаарах болсон гэж боддог.

-Багшилж байх хугацаанд хийсэн томоохон судалгаа шинжилгээний ажлуудаасаа хуваалцвал?

-Тийм том судалгааны ажил одоогоор байхгүй байна. Багш нарт судалгаа шинжилгээний ажил хийх зав зай гардаггүй шүү дээ. Хүүхдүүдтэй ажиллах болон элдэв төрлийн судалгаа гэх мэт зүйлс хийсээр л өдөр өнгөрсөн байдаг. Монгол бичгийг анхлан заах арга зүйн тухай Монгол болон Өвөрмонголын сургалтыг харьцуулан судалж эхэлж байгаад дуусгаагүй л байна.

-Та өөрийн сургалтын арга барилаасаа хуваалцвал?

-Хүүхэд нэг бүртэй л ажиллахыг боддог. Нэг ангийн хүүхдүүдийн түвшин адилгүй учир түвшин бүрт нь тохирсон дасгал даалгавар ажиллуулж ахиулахыг боддог.

-Согд бичиг, уйгуржин бичиг, өвөрмонголчуудын монгол бичгүүд хоорондоо юугаараа ялгаатай вэ? Монголд нийтлэг заадаг төрөл нь аль нь вэ?

-Судлаачдын үзэж байгаагаар V зууны үед эртний соёлт Согдоос Монгол, Уйгар хоёр монгол бичгийг зэрэг авсан гэж үздэг. Хүмүүс уйгаржин гэж ярьдаг нь тийм ч оновчтой нэрлэлт биш. Сүүлийн Ерөнхий боловсролын сургуулийн сургалтад үндэсний бичиг гэж нэрлэх болсон .

-Багш мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь юунд оршдог вэ? Монгол хэл болон монгол бичгийн багш болохоор мэргэжлээ сонгож буй шинэ үеийн залуустаа зөвлөгөө өгвөл?

-Хүүхдэд хайртай, хүүхэдтэй ажиллаж сэтгэл зүрхээ зориулж чадах хүн л багшийн ажлыг хийнэ. Мэргэжилдээ дуртай хүүхдэд хайртай бол сайн багш болж чадна.

-Ярилцсанд баярлалаа.

 

Холбоотой мэдээ