“Netflix”-ийн хэрэглэгчдийн тоо 10 гаруй жилийн хугацаанд анх удаагаа буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-04-20 16:46:59

ВАШИНГТОН. /BBC/. Америкийн “Netflix” стриминг үйлчилгээний хэрэглэгчдийн тоо сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаагаа буурчээ. Мягмар гарагт тус компани энэ оны эхний гурван сарын хугацаанд 200 мянган хэрэглэгчээ алдсан талаараа мэдээлсэн байна.


АНУ, Их Британи зэрэг гол зах зээлүүддээ төлбөрөө нэмэгдүүлж, Оросын зах зээлээс гарсны дараа дээрх үзүүлэлт ажиглагджээ. Гэхдээ “Netflix” цаашид хэрэглэгчдийн тоо улам буурч магадгүй гэдгийг анхааруулаад, шинэ гишүүдэд бүртгүүлэх шахалт үзүүлэхийн тулд бүртгэлээ хуваалцдаг явдлыг таслан зогсоож эхэлнэ гэдгээ мэдээлсэн байна.


Netflix” хувьцаа эзэмшигчдэдээ хаягласан захидалдаа цар тахлын үеэр хэрэглэгчдийн тоо эрс өссөн нь хэтийн төлөвийг бүдгэрүүлсэн гэдгийг онцолжээ. Мөн цаашид буюу долоон сар хүртэлх гурван сарын хугацаанд дахин хоёр сая хэрэглэгчээ алдах төлөвтэй байгааг хөрөнгө оруулагчдадаа анхааруулсан байна.


Хамгийн сүүлд “Netflix”-ийн хэрэглэгчдийн тоо 2011 оны 10 дугаар сард буурч байжээ. Энэ оны эхний улиралд хэрэглэгчдийн тоо буурч, цаашид улам буурах хандлагатай байгаа талаарх мэдээлэл цацагдсаны дараа компанийн хувьцааны ханш 20 гаруй хувиар унажээ. Энэхүү стриминг үйлчилгээ нь дэлхий даяар 220 сая гаруй хэрэглэгчтэй юм. 

Холбоотой мэдээ