Сургуулийн орчинг эко болгон өөрчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-04-25 18:42:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсад Тогтвортой хөгжлийн боловсролыг сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулан тодорхой зааж, сургуулийн орчин, нөхцөлийг байгаль орчинд ээлтэй эко болгон өөрчилж байна. Энэ талаар Байгаль орчин, мэдээлэл, сургалтын төвийн Тогтвортой хөгжлийн сургагч багш Г.Батцэцэг хэлж байна. Тэрээр саяхан эко сургуулиудын өөрчлөлтийн туршлагатай Нидерланд улсад болсон олон улсын чуулга уулзалтын үеэр танилцжээ. Аль ч улс оронд эко сургуулийн хөтөлбөрийг Тогтортой хөгжлийн боловсрол (ТХБ)-ыг түгээх хамгийн суурь нөхцөл болгон хэрэгжүүлж буйг тэрээр онцолж байна.  

Ийм хөтөлбөртэй эко сургуулиуд ТХБ-ыг түгээхэд ахиц гаргаж байна гэв. Европын орнуудын дунд сургуулиудын туршлагаас харахад, Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт эко системд хамрах бүх зүйлийг нь нарийн нэг бүрчилэн детальчилан суулгаж өгдөг байна. Тэрээр уг хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Герман, Швейцарь, Финлянд зэрэг орны сургуулиудаар орж танилцжээ. Тухайн орны эко бүс (зон) бүхий сургуулиуд нь ерөнхий эрдмийн хичээл ордог болон Тогтвортой хөгжлийн боловосрол эзэмшүүлэх, сонирхлын дагуух клубууд ажилладаг гэсэн үндсэн 2 барилгатай байдаг аж.




Хүүхдүүдийн сэтгэхүйг задлаж сонирхол дээр нь тулгуурласан боловсролыг клубын зарчмаар олгож байна. Бусдаар хүүхдүүдийг нэг ангид суулгаад ургамлын талаар ерөнхий мэдлэг заадаггүй, газар дээр нь мэдрүүлж танилцуулдаг байна. Манайд туршилтын талбайг жишээ нь, нэг хүлэмжээр төсөөлдөг бол ногоогоо тарьдаг, тарихад суралцдаг, борлуулах худалдаанд хүртэл гар бие оролцдог байна. Наад зах нь тэнд туршилтын талбайн хашаа, хайсыг хүртэл эко байдлаар модоор хийсэн байдаг аж. Ингэснээр хүүхдүүд өөрсдийн хэрэгцээг хангах бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ургамал, амьтдыг судалж, цаашдаа хичээлдээ дуртай болох зэрэг эерэг өөрчлөлт гарч буйг онцоллоо.




Манай улсад Тогтвортой хөгжлийн боловсролын төслийг 30 гаруй дунд сургуульд хэрэгжүүлж байна. Энэ талын ажлаа манай улсын төлөөлөгч нар НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын Тогтвортой хөгжлийн боловсролын удирдах хороо, ЮНЕСКО-ийн төв байрны Тогтвортой хөгжлийн боловсролын хэлтэс болон Нидерланд улсын холбогдох яамдын хамтран зохион байгуулсан дээрх олон улсын хуралд танилцуулж туршлага хуваалцаад ирсэн юм.

Манай улсын ЕБС-иудад хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн боловсролын төслийг гадныханд танилцуулахад “Сургууль бүхлээрээ ажиллах арга хандлага” (СБААХ)-ын арга зүйг гарааны суурь түвшинд тодорхойлж буйг сайн хэмээн дүгнэж, таатай хүлээн авчээ. 

Холбоотой мэдээ