Хятадад дөрвөн настай хүү H3N8 шувууны ханиадаар өвчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ankhbayar.abr@yahoo.com
2022-04-27 11:40:54

БЭЭЖИН. /Zaobao/. БНХАУ-ын Хэнань мужид шувууны H3N8 томуу хүнд халдварласан талаар тус улсын Үндэсний Эрүүл мэндийн хороо өчигдөр мэдээлэв.


Тус өвчтөн нь Хэнань мужийн Жу Ма Дянь хотод амьдардаг дөрвөн настай хүү бөгөөд гэртээ тахиа тэжээдэг байжээ. Мөн гэрийнх нь ойр орчимд зэрлэг нугас байдаг байсан байна.


Улмаар энэ сарын 5-ны өдөр халуурах зэрэг шинж тэмдэг илэрч, 10-ны өдөр биеийн байдал хүндэрсэн тул эмнэлэгт хүргэгджээ.


Тус улсын Өвчнийг хянах, урьдчилсан сэргийлэх төв өнгөрсөн ням гарагт тухайн хүүхдээс авсан сорьцонд шинжилгээ хийж үзэхэд шувууны H3N8 вирус эерэг гарсан байна.


Мужийн эмнэлэгийн байгууллага тухайн хүүхдийн ойрын хүмүүсийг ажиглалтад авч,  шинжилгээ хийж үзэхэд ямар нэгэн эмгэг илрээгүй.


Үндэсний Эрүүл мэндийн хорооноос тус мужид холбогдох төлөвлөгөөний дагуу урьдчилан сэргийлэх, хяналт тавих арга хэмжээнүүдийг авч, эрсдэлийн үнэлгээ хийх мэргэжилтнүүдийг томилжээ.


Мэргэжилтнүүдийн урьдчилсан дүгнэлтээр, шувууны томуугийн H3N8 вирус нь шувуунаас гаралтай бөгөөд хүнд халдварлах чадамж бага гэж үзсэн байна.


Дэлхий даяар адуу, нохой, шувуу, далайн хав зэрэг амьтдад H3N8 вирус илэрсэн ч хүнд халдарласан тохиолдол бүртгэгдээгүй аж. 

Холбоотой мэдээ