Ёкозүна Чиёнофүжи-г нас нөгчсөнд харамсан гашуудаж байгаагаа Асашорюү илэрхийллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-08-02 11:04:29

ТОКИО. /NHK/. Японы мэргэжлийн сүмо бөхийн домогт ёкозүна Чиёнофүжи таалал төгссөнд харамсан гашуудаж байгаагаа их аварга асан Асашорюү илэрхийллээ. Их аварга Чиёнофүжи өнгөрсөн долоо хоногийн ням гарагт 61 насандаа өвчний улмаас нас нөгчсөн юм.

Зодог тайлсан ёкозүна Асашорюү даваа гарагт Монголоос Наритагийн нисэх онгоцны буудалд газардсаныхаа дараа хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгчээ.

Тэрбээр хэлэхдээ “Чиёнофүжи их аваргыг өвчтэй байсныг би мэдэж байсан. Гэхдээ их аварга сул дорой харагддаггүй байсан учир түүнийг нас нөгчсөн гэсэн мэдээг сонсоод би цочирдлоо. Түүнийг таалал төгссөн гэдэгт итгэж чадахгүй байна” гэв.

Японы эзэн хааны цомыг 31 удаа хүртэж байсан Чиёнофүжи их аваргыг ёкозүна Асашорюү “миний шүтээн” гээд, түүнийг “сүмогийн домог” гэж тодорхойлжээ.

Тэрбээр хэлэхдээ “би сүмогийн арга техник болон гоо зүйг Чиёнофүжи их аваргаас суралцсан. Энэ эрхэм хүн биднийг орхиод явсан гэдэгт би итгэхийг хүсэхгүй байна” гэсэн байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ