Дэд сайд О.Батнайрамдал ОХУ-д ажиллаж байна

Монголын мэдээ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-04-29 14:39:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд А.В.Груздевтэй Москва хотноо уулзав.  Уулзалтаар манай улсын уул уурхайн үйлдвэрлэлд нэн шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг гуравдагч улсаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхэд гарч болзошгүй хүндрэлийг шуурхай шийдвэрлэхэд шууд харилцан хамтран ажиллаж байхаар тохиролцлоо.

ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд А.В.Груздев манай улсын УУХҮ-ийн дэд сайдыг Екатеринбург хотноо энэ оны 7 дугаар сарын 4-7-нд болох олон улсын аж үйлдвэрийн “ИННОПРОМ” XII үзэсгэлэнд урьж, тус үйл ажиллагаанд Монголын компани, ААН-үүдийн өргөн төлөөлөл оролцуулахыг хүсэлт болгов.




Дэд сайд О.Батнайрамдал мөн өчигдөр ОХУ-ын "Роснефть” компанийн удирдлагуудтай уулзлаа. ОХУ-аас Монголд нийлүүлэх түлш, шатахууны үнэд хөнгөлөлт үзүүлэх боломж, түүнчлэн түлш, шатахууны төлбөрийг хийх нөхцөлийн талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Монголын талаас дэвшүүлсэн тодорхой саналуудыг "Роснефть" компани судалж, ойрын хугацаанд хариу өгөхөө мэдэгдэв. Уулзалтад манай улсын газрын тосны бүтээгдэхүүн импортлогч ААН-үүдийн удирдлага, төлөөлөгчид оролцов. 

Холбоотой мэдээ