"Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд туслахад бэлэн байгаагаа илэрхийлжээ

Монголын мэдээ | Байгаль орчин
batbold.sh@montsame.gov.mn
2022-04-30 18:06:38
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан манай улсад 2030 он хүртэл хэрэгжүүлэх “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр нь Монгол Улсад нүүрлээд буй цөлжилт, цаг уурын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх экологийн өндөр ач холбогдолтой мега төсөл юм. 


Цар далайцтай энэхүү төлөвлөгөөг бодит үйлс болгоход монгол, оросын эрдэмтэд, ойн мэргэжилтнүүд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцох уулзалт Москва дахь Монгол Улсын ЭСЯ-нд 4 дүгээр сарын 29-ний өдөр боллоо. 


ЭСЯ-ны зочин, ОХУ-ын Байгалийн ухааны академийн профессор, техникийн шинжлэх ухааны доктор, ой судлалын тэргүүлэх эрдэмтэн Г.Д.Гаспарян ОХУ-тай хил залгаа хөрш улсад тэрбум мод тарих хөдөлгөөн өрнөсөнд оросын эрдэмтэд, ойчид баяртай байгааг дуулгаад энэхүү сайн үйлсэд хураасан мэдлэг, хуримтлуулсан туршлагаасаа  монголчуудтай хуваалцахад бэлэн эрдэмтдийн бүтэн баг байна гэж хэлэв. 


Төслийг амжилттай хэрэгжүүлэх үндсийг зөв тавихын тулд юун түрүүнд тарих талбайн  цаг уур, хөрсний нөхцөлд шинжилгээ хийх, ургуулах ойн цаг уурын, нийгмийн, эдийн засгийн гэх мэт ашиглах зориулалтыг харгалзан  тохиромжтой байршлуудыг тогтоох, сонгосон газар хөрсөнд яв цав тохирох модны төрөл зүйл, тоо хэмжээг тодорхойлох, модны үр, суулгацыг нутагшуулах хүлэмжүүд байгуулах зэрэг алхмыг дэс дараатай хэрэгжүүлэх ёстой ажээ. Эс бөгөөс үлэмж цаг хугацаа, их хэмжээний хөрөнгө мөнгө үргүй зарах эрсдэлтэй төдийгүй тарьсан модод ургахгүй, тавьсан зорилго талаар болох магадлалтай байдаг гэж Г.Д.Гаспарян нөхөрсгөөр  зөвлөв.


ЭСЯ-ны зөвлөх Ц.Ганболд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэнд түүнд талархаад оросын ойн мэргэжилтэн, судлаачдыг монголын ойн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдтэй  холбож, бодит хамтын ажиллагаа эхлүүлэхэд дэмжихэд бэлэн байна гэв. 


Уулзалтад ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн сенатор С.П.Михайловын туслах А.Н.Зайцев, ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга А.Дөлгөөн нар байлцлаа. 


Улаанбаатарт өнгөрсөн оны 11 дүгээр сарын 26-ны өдөр чуулсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдааны протоколд  “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талууд хамтран ажиллахаар тусгагдсаны  дагуу ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам, ойн аж ахуйн «Рослесхоз» холбооны агентлаг манай улстай хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлсэн. Түүнчлэн ОХУ-ын Алтай, Тува, Буриадын Бүгд найрамдах улсууд, Өвөр Байгалийн хязгаар зэрэг манай оронтой хаяа дэрлэдэг холбооны субъектүүд  Монгол Улсад нарс, шинэс, хуш зэрэг модны үр нийлүүлэх бололцоотойгоо мэдэгдээд манай талын саналыг хүлээж байгаа юм.

Холбоотой мэдээ