Сум бүрд 1500-2000 ширхэг модны суулгацны дэмжлэг үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-05-02 12:38:44

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн БОАЖГ-аас зохион байгуулж буй Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд "Тарьц суулгац-2022" үзэсгэлэн худалдаа Баруун-Урт суманд болж байна. 14 байгууллагын модлог, бутлаг, гоёлын, жимсний гэх мэт 10-15 төрлийн мод сөөг, суулгацаас гадна нарийн ногооны үр үрсэлгээ, тасалгааны болон мандлын цэцгийн үрсэлгээг 1000-50000 төгрөгийн хооронд худалдаалж байна.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Сүхбаатар аймаг 10 жилийн хугацаанд 10 сая мод тарина. Энэ хүрээнд аймгийн зүгээс сум бүрд 1500-2000 ширхэг модны суулгацны дэмжлэгийг үзүүлж байгаа бөгөөд үзэсгэлэн худалдааны үеэр холбогдох хүмүүст суулгацыг бордооны хамтаар гардуулан өглөө. Эдгээр суулгацыг хаана, ямар байдлаар тарьж ургуулахыг тухайн сум орон нутаг өөрсдөө шийдэх юм.

Жишээлбэл, Эрдэнэцагаан сум энэ жил 5000 мод тарихаар төлөвлөжээ. Үүний 2000 ширхгийг ААНБ-ууд, үлдсэн 3000-ыг иргэдээр тариулна. Өөрөөр хэлбэл хашаандаа мод тарих иргэдэд суулгацыг өгч тариулах ба цаашид модны арчилгаа, усалгааг иргэд өөрсдөө хариуцах аж. Тус сум өнгөрсөн жил Чоно голынхоо хөвөөгөөр мод тарьсан, модны ургалт 80 гаруй хувьтай байгаа гэж сумын Засаг даргын орлогч Б.Амарбаясгалан хэллээ. 

Холбоотой мэдээ