Герман зуны сүүл гэхэд Оросын нефтиэс хамааралгүй болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-05-02 12:33:37

БЕРЛИН. /DW/. Герман зуны сүүл гэхэд Оросын нефтиэс бүрэн хамааралгүй болох боломжтой гэж Германы Эдийн засаг, уур амьсгалын асуудал эрхэлсэн сайд Роберт Хабек ням гарагт мэдэгджээ.


Эдийн засаг, уур амьсгалын асуудал эрхэлсэн яам “Twitter” хуудсан дахь жиргээндээ энэхүү зорилтыг “бодитой” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.


Р.Хабекийн хэлснээр, Европын хамгийн том эдийн засагтай орон болох Герман Оросын эрчим хүчний импортод эзлэх хувийг хэдийнээ нефтийн 12 хувь, нүүрсний 8 хувь, байгалийн хийг 35 хувьд хүргэн бууруулжээ.


Украин тэргүүтэй бусад орнууд, ялангуяа Балтын тэнгисийн орнууд Оросоос эрчим хүчний импортоо бууруулаад байгаа бөгөөд адилхан арга хэмжээ авах шахалтыг Германд үзүүлж байна.


Германы Төв банк Оросын нефтиэс бүрэн хамааралгүй болох нь инфляцийг нэмэгдүүлж, эдийн засгийн гарцыг ойролцоогоор таван хувиар бууруулахад хүргэж болзошгүй гэж мэдэгджээ.


Европын орнуудаас Орост төлж буй олон тэрбум еврогийн төлбөр нь Оросын эдийн засгийг тогтвортой байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ долоо хоногт ЕХ Оросын газрын тосонд хориг тавих асуудлыг авч үзнэ.


Одоогоор ЕХ ОХУ-д нефть, байгалийн хийн төлбөрт өдөрт 850 сая ам.доллар /780 сая евро/ төлж байна. Герман улсын хувьд Оросын эрчим хүчний хамгийн том хүлээн авагчдын нэг юм.

Холбоотой мэдээ