Орон нутаг бонд гаргаснаар бүсийн хэмжээнд үйлдвэрүүд байгуулах боломжтой

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-02 13:11:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон нутагт анхны бондыг Баянхонгор аймагт гаргах гэж байна. Энэ талаар “Сонголт инвест” ХХК-ийн хөрөнгө оруулагч Д.Батжаргалаас тодруулав.

-Орон нутагт бонд гаргах зорилго, шаардлагаа эхлээд товч тодруулж танилцуулна уу?

-Өнөөдөр санхүүжилт, хөрөнгө оруулалтын бүх хэлбэр Улаанбаатар хотод төвлөрөн хөгжиж байна. Үүнийг хөдөө, орон нутагт хөгжүүлье гэдэг зорилгоор бид аймагтаа бонд гаргах гэж байна. Аймаг, орон нутагт ажлын байр бий болгоход санхүүжилт их хэрэгтэй байна. Бонд гаргана гэдэг чинь санхүүжилтийн нэг хэлбэр шүү дээ.

Өнөөдөр хөдөө, орон нутагт ч, хотод ч санхүүжилт, мөнгө байна уу гэвэл байна. Саяхан Улаанбаатар хотод хөрөнгө оруулалтын томоохон 2 чуулган болж өнгөрлөө. Энд олон төсөл танилцуулж, хөрөнгө оруулах боломжийг хуваалцлаа. Цар тахал гарснаас болж банкны жилийн хүү 9 хувь болтлоо агшин хүлээлтийн байдалд байна. Энэ байдал удахаар байна. Хөдөө орон нутгийн иргэд хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэлгүй, зөвхөн банкны систем үйлчилж өөр боломж байхгүй учраас мөнгөө банкинд бага хүүтэй хадгалуулдаг. Тиймээс үүнээс илүү хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцож, бонд авч хөрөнгө оруулалт хийх боломж байдгийг ойлгуулах нь чухал байна. Бид орон нутагт бонд гаргаж жишээ больё гэж бодож ажлаа эхлүүлж байна.

-Та бүхэн ямар бонд гаргах гэж байна. Энэ талаар тавьдаг шаардлага, гарч болох эрсдэл, баталгаа зэргийг хэр тооцсон бэ?

-Бид хаалттай бондыг гаргахаар төлөвлөж байна. Манай толгой компани Улаанбаатар хотод байдаг, харин Баянхонгор аймагт салбар компани маань үйл ажиллагаа явуулдаг. Манайх хүнсний үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалт, бичил зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид 3 жил санхүү, хөрөнгө оруулалтын талаар судалж, хэд хэдэн төсөл хийсэн. Орон нутагт санхүүгийн зах зээлд шинэ урсгал, шинэ боломж бий болгоё гэдэг үүднээс хаалттай бонд гаргаж, төслийн санхүүжилт босгох ажлаа эхлүүлээд байна.




Бонд босгосоноор санхүүжилт нэмэгдэж, аймаг орон нутагтаа ажлын байрыг шинээр бий болгох, чадварлаг менежерүүдийг сургаж бэлдэх замаар бичил санхүүгийн зах зээл дээр илүү ажиллах боломж гарна. Санхүүгийн зах зээл өдгөө дижитал хэлбэрт шилжээд байна. Хэн сайн, зөв, өгөөжтэй төсөл хийж байна, тэнд санхүүжилт хөрөнгө оруулалт хийдэг болсон.

Хоёр дахь зорилго бол орон нутагтаа хүнсний үйлдвэрлэл, КFC, CU зэрэг компанитай хамтарч худалдаа үйлчилгээг шинэ шатанд гаргаж өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна. Тодруулж хэлбэл, баруун бүсийн хэмжээнд ажиллахуйц үйлдвэр, үйлчилгээг бий болгох цаг болсон байна. Гагцхүү хөрөнгө оруулалт, чадварлаг хүний нөөц дутагдаж байна.




Өнөөдөр арилжааны банкуудын хадгаламжийн жилийн хүү дунджаар 9 хувьтай байгаа. Бид зах зээлийнхээ тооцооллыг хийж үзээд хаалттай бондын өгөөж нь оруулах мөнгөний хэмжээ, хугацаанаас шалтгаалж, 15-18 хувьтай буюу банкны жилийн хүүгээс 9 пунктээр илүү байхаар тооцож байна. Улаанбаатар хотод томоохон компаниудын гаргаж буй хаалттай бондын жилийн өгөөж бас ийм л байна. Тиймээс дахин хэлэхэд нийслэлд заавал бүх санхүүжилт, хөрөнгө оруулалт төвлөрдөг биш, хөдөө, орон нутагт ч бонд гаргах замаар жилийн 18 хувь, 2 жилээр 19.2 хувийн өгөөжийг хүртэх боломж орон нутгийн иргэдэд бүрэн бий шүү гэдгийг хэлмээр байна. Ингэснээр аймаг орон нутгаа хөгжүүлж, хоёрдогч хөрөнгийн зах зээлийг хөдөө орон нутагт бид бүгд хамтдаа дэлгэрүүлж, хөгжүүлэх бүрэн боломж нээлттэй байна.

Та шаардлага, баталгааны талаар асуулаа. Орон нутгийн иргэдэд бондын талаар мэдлэг мэдээлэл дутмаг муу байдаг. Тэр дундаа хаалттай бонд хэлбэрээр гаргалаа, зарлалаа гэхэд юун түрүүнд хүмүүс хэр баталгаатай вэ гэдгийг асууж сонирхоно. Бид үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан бонд гаргах юм. Манайх аймагтаа А зэрэглэлийн бүсэд, өөрийн оффис, үйлчилгээний барилгатай. Эдгээрийг бондын баталгаа болгох ба хаалттай бонд авч, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, албан ёсоор сертификат гаргах юм.

Энд бас нэг зүйлийг тодруулж хэлхэд орон нутагт иргэдэд хөрөнгө оруулалт, үнэт цаасны зах зээл, биржийн бус зах зээл, нээлттэй, хаалттай бондын талаар 1 компани хийх ажил биш гэж ойлгож байгаа. Энд иргэдэд мэдлэг мэдээлэл хомс байгааг анхаарч, тэдний мөнгөн хөрөнгийг өсгөх боломж байдгийг ойлгуулах талаар аймаг, орон нутгийн удирдлагатай цаг алдалгүй хамтарч ажиллах замаар тэдэнд мэдлэг мэдээлэл олгох зайлшгүй шаардлага байна гэж харж байна. 

 



-Бонд босгох санаа анх хэзээ, яаж төрөв?

-Би аймагтаа 1993 оноос хойш хүнсний бөөний худалдаа, хүнсний үйлдвэр, бичил зээл, санхүүгийн бизнес эрхлэн ажиллаж байгаад 2008 онд Улаанбаатар руу хөрөнгө оруулалт хийж, технилоги, шинэ үйлдвэр байгуулахаар орж ирсэн. Энэ хугацаанд буюу 14 жилийн дараа эргээд аймгаа харахад, томоор харвал баруун бүсэд хийх ажлууд, ялангуяа үйлдвэрлэл, шинэ үйлчилгээний чиглэлээр хийх ажил зөндөө, орон зай байсаар, бас бий болсоор байна. Энэ талаар нутгийн залуучуудтай уулзаж, хамтарч ажиллах санал тавьсан юм. Ингээд хөрөнгө оруулалт, санхүүжилт босгох замаар орон нутгаа хамтдаа өөрчилж, хөгжүүлье, үйлдвэр хөгжиж байж ажлын байр тогтвортой нэмэгддэг, хүмүүс орлоготой болж, нутагтай сайхан амьдрах боломж бүрдэнэ гэсэн бодлоор ийм шийдэлд хүрсэн.

Бизнес хийх олон боломж байхад бид тэрийгээ олж харахгүй байна гэдэг их харамсалтай. Тиймээс хөдөө, орон нутагт ажиллаж, амьдарч буй залуучууд дэмжиж, тэдэнд урам өгч, сүүлийн үеийн мэдээлэл, зах зээлд буй болсон но хау технологийг нэвтрүүлэх замаар боломжоо харж, нутаг орондоо залуучууд маань эзэн байгаасай гэдэг үүднээс хаалттай бонд гаргаж, хөрөнгө оруулалт татаж байна. 

Холбоотой мэдээ