Эрт илрүүлэг шинжилгээ оношилгоо, үзлэг өнөөдрөөс эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-05-02 14:21:33

Баянхонгор /МОНЦАМЭ/. “Эрүүл мэнд үндэсний баялаг" урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ оношилгооны нээлт Баянхонгор аймагт энэ сарын нэгний өдөр боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Наранбаяр, Эрүүл мэндийн газрын дарга Н.Энхжаргал, Нэгдсэн эмнэлгийн дарга Ч.Жавзан болон Өрх, сумын эрүүл мэндийн төв, эрүүл мэндийн салбарын  эмч ажилчид оролцов.

Эрт илрүүлгийн үзлэгт  хамрагдах иргэд өөрийн харьяаллын өрх, сумын эрүүл мэндийн төвөөс үзлэгийн урилгыг авч үзлэг, шинжилгээ өгнө. Ингэхдээ 0-5, 06-17 насны иргэд зөвхөн өрх сумын эрүүл мэндийн төвд, харин 18-30, 31-45, 46-60, 61-дээш насны иргэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн дэмжих төвд тус тус хамруулна. 

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг нь өнөөдрөөс эхлэн 18-30 нас, 61-с дээш насны иргэдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ хийж байна. Иргэд өөрийн төрсөн сардаа багтаан 2-7 хоногийн хугацаанд үзлэг, шинжилгээндээ хамрагдан шинжилгээний хариу бүрэн гарч дуусны дараа эмчийн үзлэгт хамрагдах бөгөөд цахим бүртгэлээс үзлэгийн цаг авч үйлчлүүлнэ. 

Иргэд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн байх /2019, 2021, 2022 онууд/, шинжилгээ өгөхдөө өлөн байх, Өрх, сумын эмч нарын өгсөн урилгын дагуу ирж үзүүлэх, Өөрийн насанд тохирсон үзлэг, шинжилгээг бүрэн хийлгэх хэрэгтэйг албаныхан зөвлөж байна.

Холбоотой мэдээ